Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот.

Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.

Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.

Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км

Засаг захиргаа: 14 сум, 65 багтай

Хүн ам:  71233 / 2020 /

Хөдөлмөрийн насны хүн ам: 43371 / 2020 он /

Нийт өрх: 20494 / 2020 он /

 

НУТГИЙН ОНЦЛОГ

         Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.

        Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм.

       Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. -Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.

         Хилийн Замын-Үүд, Баянбулаг-Мандалын боомтууд нь Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. 1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавъяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.

          Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.

       1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.

          Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

ГАЗАР ЗҮЙ

          Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ.

            Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.

БАЙГАЛЬ, ЦАГ АГААР

          Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

АЖ ҮЙЛДВЭР, ТЭЭВЭР

           Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эцэст 230.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 68.5(42.2%) тэрбумаар өссөн байна. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэлт 55.1 хувиар, боловсруулах салбарын үйлдвэрлэл 27.8 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 38.0 хувиар тус тус өсчээ.

          Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.

          Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд, Хангийн хилийн боомт нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм.

БОЛОВСРОЛ

         Аймгийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг норм стандартын түвшинд хүргэж, СӨБ-д хүүхдийг бүрэн хамруулахад аймаг, орон нутгийн удирдлага, анхааран ажилласны үр дүнд 2016 онд 38 цэцэрлэгтэй байсан бол 2020 онд цэцэрлэгийн тоо 42 болж өссөн. Сургуулийн хүчин чадлыг 1280-аар нэмэгдүүлсэн байна.

           Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувь 87%, Бага боловсролын  хамран сургалтын хувь 97.9%, Суурь боловсролын хамран сургалтын хувь 94.9% тай. Аймгийн хэмжээнд 2 ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт  29-30. Цэцэрлэгийн бүлгийн нэг багшид ноогдох хүүхдийн тоо-31.5, Бага ангийн нэг багшид ноогдох хүүхдийн тоо-29.7.Багшлах боловсон хүчнээр 94.1 хувь хангагдсан. Багш нарын 49.3 хувь нь мэргэжлийн зэрэгтэй юм.

          ЭЕШ-ын амжилт сүүлийн 3 жил тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн 2 жил улсад 3 дугаар байранд эрэмблэгдсэн. Үүнээс Газарзүй, Физикийн хичээлээр нэгдүгээр байр, Нийгмийн ухаан, Биологийн хичээлээр 3 дугаар байранд эрэмблэгдсэн. Бусад хичээлүүд улсын дундажаас дээгүүр оноотой байдаг.

        Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, ЗДТГ, БСУГ-тай хамтран, Аймгийн шилдэг багш, хамт олон шалгаруулах “Алтан зул” наадмыг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг, ЕБС, цэцэрлэг, МСҮТ-ийн шилдэг 12 багшийг “Алтан зул” цом, батламж тус бүр 1.5 сая төгрөг, Шилдэг сургалтын 1 багт 3 сая төгрөг, Шилдэг 3 хамт олонд тус бүр 5.0 сая төгрөгөөр, УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн “Алтан зул” наадмын “Шилдгийн шилдэг багш”-ийг ОРОН СУУЦААР шагнадаг үйл явц нь багшийг дэмжих тогтолцоо бүрдсэнийг харуулна.

ГАДААД ХАРИЛЦАА

            Монгол Улсын Дорноговь аймаг нь гадаадын олон улс оронтой найрамдалт харилцаа тогтоон хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, нийгмийн бусад салбарт харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан үр ашигтай гадаад хамтын ажиллагааг явуулдаг. 2021 оны байдлаар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, БНТУ, БНЭУ, АНЭУ зэрэг улстай хамтын ажиллагаатай байна.

          Дорноговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр "Хөрш болон өндөр хөгжилтэй орнууд, тэдгээрийн муж, хотуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн заасан. Энэхүү бодлогын дагуу Дорноговь аймаг нь өндөр хөгжилтэй орнуудын хот, муж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, техник технологи, экспорт, импортыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгаа сурталчлах, мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон бүс нутгийн тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулах зэргээр байнгын уялдаатай ажилладаг.

         Манай аймаг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, БНТУ, БНЭУ, АНЭУ-ын Элчин сайдын яамдууд, Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий Консулын газар, "Жайка" Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, "Койка" Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, "Near" Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо, Азийн хөгжлийн банк гэх мэт бүс нутгийн болоод олон улсын томоохон байгууллагуудтай нийгэм, эдийн засгийн өргөн хүрээнд хамтран ажилладаг.

       2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг болон Оросын шинжлэх ухаан, соёлын төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан 2020 оны 11 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд “Орос хэл, соёлын зүүн бүсийн арга хэмжээ”-г аймагтаа зохион байгуулж, Орос хэлний олимпиадад амжилттай оролцсон  эхний 8 сурагчийг /3 сурагч нь Дорноговь аймгаас оролцсон/ ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их дээд, сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах эрх буюу тус бүр 60 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эрхийн бичгээр шагнаж урамшуулсан. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын зүүн бүсийн аймгуудад жил бүр тогтмол зохион байгуулагдаж байхаар болсон.

        2021 онд Дорноговь аймаг, Япон улсын Шизуока мужтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд харилцаагаа улам сайжруулах зорилгоор “Дорноговь-Шизуока 2021”, “Шизуока-Дорноговь 2021” хөтөлбөрийг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Япон улсын Шизуока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны тэмдэглэлт ойн хүрээнд жил бүр "Ахлах ангийн сурагч солилцоо" хөтөлбөр, "Төрийн албан хаагчийн богино болон урт хугацааны сургалт", “Рандосэрү” хөтөлбөр, аймгийн бохир ус цэвэршүүлэх "Өвсний үндэс" төслийг хэрэгжүүлнэ.

         Мөн БНЭУ-ын "JMC Projects (India) Ltd" компанитай хамтран "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" байгуулах төслийн талбайн дэд бүтцийн барилгын ажил амжилттай явагдаж байна. Үндэсний хэмжээний мега төслүүдийг дагаад Дорноговь аймгийн эдийн засаг, дэд бүтэц, худалдаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хурдацтай хөгжихийн зэрэгцээ хөгжлийн шинэ гарц нээгдэж байна.  

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ