
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ ХОШОЙ ОДОНТ,
ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 93 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН МЭНДИЙГ НУТГИЙН ТҮМЭН ОЛОН ТА БҮХЭНДЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
Хилийн чанадад болон улсынхаа өнцөг булан бүрт суугаа нутгийн түмэн олон та бүхэндээ Дорноговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Юуны өмнө аймгийнхаа амжилт, ялалтын гайхамшигт түүхийг бүтээж, улс орныхоо төдийгүй унаган нутгийнхаа төлөө ухамсарт амьдрал, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад үеийнхэндээ гүн хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд өнөөдрийн ололт амжилт, өөрчлөлт, шинэчлэлтэд манлайлан хөдөлмөрлөж аймгийн эдийн засаг, нийгмийн салбарыг нуруундаа үүрч яваа хөдөлмөрчид, малчид, тариаланчид, баялаг бүтээгчид, нийт ард иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ жил манай аймгийн 11 сум түүхт 100 жилийн ой, 1 сум 30 жилийн түүхэн ой тохиож байна. Зуун жилд хийж бүтээснээ дүгнэж, алдсан оносноо цэгнэн, ирээдүйгээ төлөвлөн их ажлын эхлэл, ирэх цагийн өнгөө тодорхойлох нь их ой, баяр цэнгэлийн бас нэгэн утга учир билээ.
Дорноговь аймаг анх байгуулагдахдаа эдийн засгийн салбар нь дан мал ахуй байсан бол эдүгээ хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэржилт, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлж улсын хөгжлийн төв болон хөгжиж буй аймаг болжээ.
Дорноговь аймаг нь байгуулагдсан түүхийнхээ туршид Монгол улсын геополитик, улс төр, эдийн засгийн стратегийн чухал бүс нутаг болсоор ирсэн.
Манай аймгийн энэхүү давуу байдал, нөөц боломжийг Монгол улсын Засгийн газраас анзааран харж, анхаарлаа хандуулж Дорноговь аймгийн хөгжлийг дэмжин ажиллаж байгааг та бүхэн мэдэх билээ.
Сүүлийн жилүүдэд их хөгжлийн бүтээн байгуулалтыг өрнүүлж Дорноговь аймагт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байгаагийн зэрэгцээ аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 213.6 тэрбум төгрөгийн 285 төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудыг хийж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллалаа.
2016 оноос эхлэн сумдаа инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлж өнөөдөр 12 сум бүрэн холбогдсон ба Мандах, Сайхандулаан сумдад төвлөрсөн инженерийн шугам сүлжээ тавих зураг төслийг боловсруулснаар энэ жилээс Мандах суманд 2,0 тэрбум төгрөгийг төсөвлөн ажлыг эхлүүлээд байна.
2023 онд аймгуудаас анх удаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж 144 өрхийг түрээслээд өмчлөх байраар хангасан нь түүхэн үйл явдал, онцлох ажил байлаа.
Бид бүхэн орон нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэж өнгөрөгч онуудын нөр их ажлыг бие биеэ дэмжин, эе эвээ сахин бататгаж хамтын хүчээр хэрэгжүүлэн, олон олон бодит үр дүн гаргаж чадсан нь ард иргэд та бүхний хамтын ажиллагааны үр шим билээ.
Цаашид хүн амын оршин суух, хөгжих таатай нөхцөлийг хангасан, ухаалаг тогтвортой засаглалыг бэхжүүлсэн, эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан Монгол Улсын хөгжлийн тулгуур төв, тэргүүлэгч аймаг болохоор ирээдүй өөд тэмүүлж байна.
Ирэх он жилүүдэд бүтээсэн бүхнээ бататгаж, алдаанаасаа суралцан, амжилтаа ахиулж, атгасан гар шиг хамтран ажиллахыг нийт ард иргэд та бүхнээсээ хүсье.
Хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай байж, айл бүхний голомтын гал ашид мөнх бадран дүрэлзэж, азай буурал ахмадууд минь сэтгэл тэнэгэр жарган, төрөлх сайхан нутаг минь дэвжин дээшлэхийн эрхэм ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар айлтган дэвшүүлье.
Та бүхэн минь цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай.
Дорноговь аймгийн Засаг дарга
Очирпүрэвийн Батжаргал