• Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.
  • Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн байдаг юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авьяас билэг, өндөр нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байжээ.
  • Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэн, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээд байна.
  • 1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавьяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.
  • Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэнд агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.
  • 1954 онд жилдээ 50 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтад орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа. 
  • 1942 онд Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ