"НЭЭЛТТЭЙ ДОРНОГОВЬ" ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ"
Дорноговь аймгийн нийт иргэд, шилжин суурьших сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, бизнесийн боломжийг танилцуулан мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжийн сонирхсон асуултад хариулт өгч Дорноговь аймгийн талаарх цогц мэдээллээр хангах зорилго бүхий “Нээлттэй Дорноговь” чуулган эхэллээ.
Чуулганаар Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал үндсэн илтгэл тавьж, УИХ -ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Төмөртогоогийн Энхтүвшин “Монгол Улсын Үйлдвэржилтийн бодлого” сэдвээр, “Эдийн засгийн бодлого, өрсдөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал Б.Лакшми “Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар, анхаарах асуудал” сэдвээр, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Эрдэнэбаяр “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн асуудал ба Дорноговь аймгийн хөгжлийн боломж” сэдвээр, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг “Шилжилт хөдөлгөөний асуудлыг ойлгож, удирдах нь” сэдвээр, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн зөвлөх инженер Ц.Ганбат “Алтанширээтийн аж үйлдвэрийн цогцолборын өнөөгийн байдал, цаашдын боломж” сэдвээр, "Си өү эй эл" ХХК-ийн гүйцэтггэх Ж.Мөнхбат “Гэрэлт говь” үйлдвэр технологийн паркийн төслийн танилцуулга” сэдвээр, “МАК”-ХХК-ийн Зэсийн төсөл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ю.Хэрлэнбаяр “Цагаан суваргын орд газрын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар танилцуулга” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл тавих юм.
Мөн чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”, “Ажлын байр, бизнес боломж” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлт, хөгжлийн загварын талаар зочин панелистуудтай харилцан ярилцаж шийдэлд хүрэх юм.
Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүд, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын төв ажлын хэсгийн дарга, гишүүд, төрийн захиргааны төв байгууллагын албаны хүмүүс, БНХАУ, ОХУ, Энэтхэг улсын зочид төлөөлөгчид, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд, Дорноговь аймгийн ард иргэд нийт 1000 гаруй хүн оролцож байгаараа онцлог байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ