
ДОРНОГОВЬ АЙМГИЙН “НОМТ ДАНШИГ ХЕТРИК ГРУПП”-ЫН БАГ ТӨРИЙН БАЯР НААДАМД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРЛАА
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Монголын 17 аймаг, 9 дүүргийн 97 багийн 770 гаруй харваачид бүтэн 4 өдрийн турш цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Үүнээс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Үндэсний шагайн харвааны Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн "Номт Даншиг Хетрик Групп"-ын баг, харваачид гутгаар байрт шалгарч төрийн наадамд шөвгөрлөө. Тус багийн хувьд 2 жилийн өмнө нь Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд түрүү хүртсэн. Дорноговь аймгийн баг, харваачид Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд нийт хамгийн олон буюу 5 түрүү, 3 удаа шөвгөрөөд байна. Дорнын говь нутгийнхаа нэрийг зарлуулан дуудуулж төрийн наадамд шөвгөрсөн мэргэн харваачиддаа баяр хүргэе. Нутаг Зон Дорноговьчууддаа баяр наадмын мэнд дэвшүүлье.