"Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам"-ын төсөлд санал авч байна.

    Орон нутгийн чанартай авто зам, замын

    байгууламж ашигласны төлбөр авах

    үйл ажиллагааны журам

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр авахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагаанд  Авто замын тухай, Төсвийн тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.

1.3.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг төвлөрүүлэх орон нутгийн авто замын сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн санд данстай байна.

Хоёр. Орон нутгийн авто замын төлбөр авах үйл ажиллагаа,

хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө төвлөрүүлэх

2.1.Орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг  Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1, 4.1.24.-д заасан авто замыг; 4.1.11-д заасан байгууламжийг тус тус ашиглахад тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар аймгийн ИТХ-ын 2018 оны “Төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 7/21 дүгээр тогтоолоор баталсан төлбөрийн хэмжээг үндэслэн автотээврийн хэрэгсэлд ногдуулна.  

2.2.Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл эзэмшигч Монгол улсын хууль болон олон улсын гэрээгээр тусгайлан зохицуулсанаас бусад иргэн, төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээд, бусад байгууллага орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр төлөгч байна.

2.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлнө. 

2.4.Аймгийн орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийг автотээврийн үзлэг, оношлогоо, шилжилт, хөдөлгөөн хийх болон бусад үеэр төлнө.

2.5. Гадны аймаг, хотын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэр нь  хамаарч буй суманд тухай бүр төлнө.  

2.6.Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг тухай бүр Төрийн сан дахь дансанд төвлөрүүлнэ.

 

Гурав. Орон нутгийн чанартай болон авто зам, замын

байгууламж ашигласны төлбөрийн төлөвлөлт, хяналт, тайлан

3.1.Орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн тухайн жилийн төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн цаглаварын дагуу боловсруулан төлөвлөж батлуулна.

3.2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтыг тайлагнах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн захирагчид гүйцэтгэнэ.

3.3.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтад бүх шатны ИТХ, Засаг дарга, эрх бүхий хяналтын байгууллагууд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хяналтыг хэрэгжүүлж болно. 

 

Дөрөв.Төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах

 

4.1.Тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг аймгийн Засаг даргаас эрх олгосон байгууллага зохион байгуулна.

4.2.Төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдон гарч байгаа зардлыг тухайн жилийн төсөвт хянуулан батлуулж, батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллана.

4.3.Төлбөр төлснийг гэрчлэх тусгай тэмдэг, тэмдэглэлийг төлбөр төлсөн баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээр дарж баталгаажуулна.

4.4.Төлбөр төлснийг гэрчлэх тэмдэглэгээнд төлбөрийн хэмжээ, огноог бичиж, тэмдэгээр баталгаажуулсан байна.

4.5.Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэргэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ноогдох төлбөрийг төлсөн байна.

4.6.Засаг даргаас эрх олгон төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллага нь орон нутгийн замын санд төвлөрүүлж буй төлбөрийн орлого, зардлын гүйцэтгэлийг улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнана.

 

 

Тав. Бусад

 

5.1.Зам ашигласны төлбөрийн орлогыг энэхүү журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлээгүй, олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд холбогдох ажилтан, албан тушаалтанд  зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийн орлогыг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ