МОНГОЛ УЛСАД АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр эртний өртөө, цайны зам, торгоны зам дайран өнгөрч байсан төдийгүй эрт үед авто өртөө байгуулагдаж, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор тээврийн салбар хөгжиж эдүүгээ хамгийн урт төмөр замтай, босоо тэнхлэгийн авто зам, агаарын зам дайран өнгөрдөг, зам тээврийн дэд бүтэц хөгжсөн аймаг болжээ.
Дорноговь аймаг нь бүх ард түмний социалист уралдаанд 3 удаа шалгарахад аймгийн худалдаа, тээврийн салбарууд тэргүүн байр эзэлж МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шагналаар шагнагдаж байсан гайхамшигт түүхтэй.
Өнөө цагт түүхийн үргэлжлэл болж Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам гээд олон бүтээн байгуулалт өрнөж тээврийн салбар улам өргөжин тэлэх боломж бүрдээд байна.
Авто тээврийн салбарыг орон нутагт хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх, технологид суурилсан үр ашигтай тээврийн үйлчилгээг бий болгоход бодлогоор дэмжин ажиллах болно.
Орон нутагт нийтийн тээврийг бий болгон хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьж Замын-Үүд, Сайншанд суманд хүүхдийн автобусыг шугаманд явуулан тогтмолжуулснаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын импортын ачаа тээврийн 75 хувийг Замын-Үүд боомтоор, 10 хувийг Ханги боомтоор, экспортын барааны 21.7 хувийг Замын-Үүд боомт, 25 хувийг Ханги боомтоор нэвтрүүлж байна.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.
