ХАНГАЛ ЭХТ ЦАГААН ТУГ

    ХҮI зууны үед Батмөнх даян хааны хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүн Ар Монгол, Халхын хант улсын ханлигийг хуваан захирах болсноор Халхын долоон отог хошуу шинээр бий болжээ. Үүний нэг нь Говь мэргэн ноёны хошуу юм. Тус хошууг “Мэргэн” цолтой засаг ноён толгойлж байсан учир ХҮI-ХҮII зууны үед Мэргэн ноёны хошуу, Мэргэн засгийн хошуу ч гэж дуудаж байв. ХҮII зууны үед Мэргэн засгийн хошууг Абахуйн угсааны жонон цолтой Гүрших ноён захирч байсан ба Халхын ханлиг Манжийн Чин улсад эзлэгдсэний дараа уг хошууны засаг ноёны жонон цол нь хасагдаж оронд нь ван цол олгосноос хойш Мэргэн ноёны хошуу нь “Говь мэргэн вангийн хошуу” гэж нэрлэгдэх болжээ. 1630-аад оны сүүлээр Монголын төрт ёсны уламжийг хязгаар газарт бүрдүүлэх, улмаар Чин улс доройтож Манжууд хүчирхэгжиж байсан учраас хязгаар газраа түрэмгийллээс хамгаалах зорилгоор Монголын нийслэл Хархорумаас Их цагаан сүлд, Хар сүлд тугийн дагуул тугуудыг зүүн баруун өмнөд хязгаар нутгуудад байрлуулсан түүхтэй.
     Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Тугчин овгийн иргэдийг анх Хөвсгөл, Архангай аймгийн зааг дээр байсан харуул 40 өрх айлыг уг тугийг хамгаалуулан тахиулахаар Хутаг уулын орчимд авчирч байршуулсан байна. Тэдгээр хангай нутгийн иргэд нь нутаг усаа санагалзан оршин бүхий газраа Хөвсгөл гэж нэрлэсэн гэдэг. 1640-өөд оноос 1940 оныг хүртэл Тугчин отог Гурван Хөвсгөлд идээшин суурьшиж тугийг хамгаалах хийгээд тахиж тугнах /тунгах/ үйлээ үе дамжин тасралтгүй үнэнчээр гүйцэтгэж ирсэн байдаг. Сүүлчийн тугч нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 6-р багийн иргэн Пүрэвийн Дорж гэдэг хүн байжээ. XIX зууны сүүлээс XX зууны 30-аад оныг хүртэл хариуцан ахлаж тугаа тахиулж журам ёсыг барьж ирсэн түүхтэй ажээ. 1937 оноос Сталины явуулгаар Монголын төр феодал ангитай тэмцэх нэрийдлээр олон зуун эрдэм оюунт мэргэд, лам хуврагууд, сэхээтнүүдийг егүүтгэж сүм хийдүүд хийгээд хуучны гэх болгоныг устгасан их хэлмэгдүүлэлтэд их сүлд шүтээн өртөгдсөн юм.
    Улаанбадрах сумын хуучин төвийн хогон дээр тугчны хадаг яндар, цацаг манжлага тэргүүтнийг шатаан хаясан бөгөөд тугчийн отгийн хэн нэгэн сүлд тугны оройн дог, /гурван үзүүрт/ мөн тугны ишинд тусгай жаазанд хийн хадгаар ороож байрлуулсан байдаг чүн чулуун нэгэн зүйл шүншиг болох бурхан, сэлэм барьж баруун өвдөгөө нугалан суусан хамгаалагч баатар, /алтаар шармалдсан гууль/ нууж авч хадгалсан ажээ. Тугнахыг улирал бүрийн 15-наар ээлжит байдлаар, цагаан сар болон бусад онцлог үед зоог шүүс бэлтгэн морь уралдуулж, бөх барилдуулж өргөн хэмжээнд хийдэг байсан гэж Пүрэвийн Дорж тугчийн удмын хүн болох Н.Гүрцоо гуай ярьсан. Н.Гүрцоо гуай бол тугийг тахиж байсан үүх түүхийг сайн мэдэх хүн юм. 1940 оны эхээр маршал Х.Чойбалсан Сүлдэнэ хөх толгойд үе дамжин тахигдаж ирсэн Чингис хааны сүлд тугны дагуул Цагаан туганд ирж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд зургийг авч улсын архивт хадгалуулсан байдаг.
     Энэхүү тугийг 2001 онд Д.Ойдов гэдэг хүн хадгалж байгаад ахин сэргээн Дорноговь аймгийн МССТ-ийн сан хөмрөгт өгсөн. Одоогоор Дорноговь аймгийн МССТ-д хадгалагдаж байна. Үүнийг Академич Н. Ишжамц, Монгол улсын ШУГЗүтгэлтэн, ШУ-ны доктор С.Дулам нарын эрдэмтэд судлаачид нарийвчлан судалсан.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ