Сайншанд сум нь Дорноговь аймгийн төвийн сум бөгөөд 1931 оны  05 дугаар  сарын  26-нд  аймгийн  анхдугаар  их  хурлыг  23 сумаас  сонгогдсон   40 төлөөлөгчтэйгээр    Сайн   ус  гэдэг  газар  хуралдуулж, аймаг  төвлөрөх  газрыг  Далай  Сайншанд  хэмээн  тогтсон  байна. Үүнээс  өмнө  аймгийн  төвийг  Олдох, Олон  шанд,  Шинэ  ус,  Хадан  хошуу, Сайн  ус хэмээх газруудад  төвлөрүүлж  байсан  юм.
БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 136 дугаар зарлигаар Сайншанд хот гэсэн статустай болсон.
Өдгөө Сайншанд сум нь Улаанбаатар – Замын Үүд  босоо тэнхэлгийн засмал зам болон Олон улсын төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц хөгжсөн хот бөгөөд 23 гаруй мянган хүн амтай.  
Сайншанд сум нь хүний хөгжлийг дээдэлсэн, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, аж үйлдвэрлэл, аялал жуулчлалаар тэргүүлэгч, эдийн засгийн өндөр чадавхтай, хөгжлийн тулгуур хот болох эрхэм зорилготой.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хувьд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан, ХАА-н бусад үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх, орон нутгийн нөөц баялаг боломжинд тулгуурлан олборлох болон боловсруулах үйлдвэр байгуулах, говь нутгийн болон сумын онцлог, давуу талд түшиглэсэн аялал жуулчлалыг өргөжүүлэн ажиллаж байна.

Сайншанд сум  нь 2015 оны эцэст 95990 толгой мал тоологдсон бөгөөд малын тоо толгойд биш, харин эрүүл, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх бодлого  барьж,  малчдын  зөвлөгөөн, “Монгол тэмээ” спортын наадам зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Түүнчлэн цөм сүрэг өсгөх зорилгоор өндөр ашиг шимт эцэг мал худалдан авч үржүүлж эхэлсэн бөгөөд Баяндэлгэр омгийн ямаа, үзэмчин хонь, талын улаан үүлдэрийн үхэр, Монгол үүлдэрийн адуу зэрэг гойд ашиг шимт шилмэл сүргээр малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжрууллаа.
Сайншанд хотыг сүү цагаан идээгээр хангах, фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг дунд үйлдвэрийн зээл олгох, гадна дотны туршлага судлуулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Газар, тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 55 иргэн, ААНБ-г 39 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, 2500 м2 хүлэмжинд нарийн ногоо тариалж байна. Монгол төмс хөтөлбөрөөс эрт ургацын гала, солист, куарта  сортын элит үрийг авчран олгосон нь “Шинэ ургацын худалдаа”, “Дорноговь түншлэл” үзэсгэлэн худалдаа зохиогдох үеэр үр дүн гарч төмс, хүнсний ногооны ургац урьд өмнөх жилүүдийнхээс 2 - 3 дахин  өслөө.

Сайншанд суманд гадаад, дотоодын аялагчид, жуулчдын сонирхдог гол зүйл нь дэлхийн өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамарын хийд, Шамбалын орон орчмын шашин, түүхийн дурсгалт газрууд юм.  Жил бүр маш олон жуулчид Хамарын хийд, Шамбалын орон, ноён хутагтын музейгээр зочилохоор хүрэлцэн ирж энэхүү тоо өдгөө нэг зуун мянга гараад байна.  
Сайншанд хотод гадаад, дотоодын жуулчдыг татаж буй нэгэн үзмэр нь Чингис хааны Их цагаан туг юм.  
Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ. Энэхүү тугийг Сайншанд сумын орон нутгийн музейд хадгалан жуулчдад сонирхуулж байна.
Сүүлийн жилүүдэд дээрх түүхэн дурсгалт эд зүйлс, газар орныг дагасан түүх, танин мэдэхүйн аялал, шашин мөргөл, бясалгалын аялал, тэмээн аялал зэрэг аялалын төрлүүд хөгжиж байна.

Гадаад харилцааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан гадаад харилцааг эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдмэл байдал, олон тулгуурт эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Ази номхон далайн бүсийн Олон улсын эрүүл хотуудын холбоо, Дэлхийн Түрэг үндэстний холбоо, Торгоны зам Монгол, Хятад, ОХУ гурван улсын холбоо, Турк улсын Дучи хот, Япон улс Шизүока муж Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд цэвэр, бохир усны судалгаа, ӨМӨЗОрны Эрээн, Бугат, Урадын хойд хошуу зэрэг улс орны хот, мужуудтай  соёл боловсрол, эдийн засаг зэрэг бүхий л хүрээнд найрсаг хамтын ажиллагаа тогтоолоо.  
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ