“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/19

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Соёмбо цогцолбор, Хүүхдийн ордонд болж байна

2011 оноос хойш тасралтгүй 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд орон нутгийн малчид, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн цагаан идээ, тавгийн боов, чихэр жимс, аяга таваг, цар, ууц өвчүү, хөөрөг даалин, үндэсний дээл, гутал, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд, гар урлалын бүтээгдэхүүн, чулуун эдлэл, модон эдлэл зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээр 180 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар оролцлоо.
Үзэсгэлэн худалдааны
- “Шилдэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Сайншанд сумын нэхий бүтээгдэүүн үйлдвэрлэгч “Торгон нэхий” ХХК -Н.Бат-Эрдэнэ 
/Орны нэхий бүтээлэг, нэхий өвдгөвч, хурган малгай, нэхий олбог гэх мэт/
- “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр Улаанбадрах сумын иргэн С.Өлзийбат 
/Эсгий, эсгий бүтээгдэхүүн/ 
- “Шилдэг оролцогч иргэн”-ээр Замын-Үүд сумын гэр ахуйн жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Л.Баясгалан 
/ Гоёлын лаа, машины үнэртүүлэгч, гоо сайхны саван, шүд цайруулагч гэх мэт/
- “Ахмад үйлдвэрлэгч”-ээр Сайншанд сумын ахмад настан О.Цэвэгсүрэн /85 настай/
/Монгол гэрийн бүслүүр, хошлон, унины сагалдрага, ээрсэн утас/
- “Шилдэг зохион байгуулалттай оролцогч сум”-аар Сайхандулаан сум 
/ нийт 19 иргэн, ААН-ийн 9 төрлийн 2 тонн цагаан идээтэй нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна/
тус тус шалгарлаа.

/Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээг өргөтгөн эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж “Орон нутгийн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх”, ”Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Өрхийн хэрэгцээг-Өөрийн хашаанаас” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, ААН болон ЖДҮ-лэл эрхлэгчдийн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 378 иргэн, ААН бүртгэлтэй байдаг бөгөөд 2018 онд ЖДҮ-лэлийг дэмжих сангаас санхүүжилт хуваарилагдаагүй хэдий ч “Сум хөгжүүлэх сан”-аас МАА-н түүхий эд бэлтгэл, хүнсний бөөний худалдаа, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 474.0 сая төгрөгийн зээл олгогдож, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зээлийн батлан даалтын сан, арилжааны 5 банктай хамтран “Эх үүсвэртэй батлан даалт” хөтөлбөрт хамрагдсан иргэдээс худалдаа үйлчилгээний барилга барих зориулалтаар 4 зээлдэгчид 1 тэрбум 50 сая төгрөгийн зээл олгогдож үйл ажиллагаагаа өргөтгөөд байна./