2018 ОНД ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ИЛҮҮ АНХААРНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/03/13

Манай аймагт өвөлжилтийн нөхцөл байдал ямар байсан бэ? Цаг үеийн мэдээллээр ярилцлагаа эхлэе...

Дорноговь аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1,7 сая байсан бол 2017 онд хоёр сая толгой мал тоолууллаа. Энэ онд манай аймгаас улсын аварга малчин 5, аймгийн аварга малчин 29, аймгийн хошой аварга малчин 1, алтан төлийн эзэн 5, аймгийн аварга тэмээчин 2, аймгийн алдарт уяач 11 тодорсон бол аймгийн 4 аварга тариаланч тодорсон сайхан амжилттай байна. Дорноговь аймгийн хувьд өвөлжилт хүндрээгүй, өнтэй өвөлжсөн хэдий ч хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Ялангуяа Хатанбулаг, Хөвсгөл, Сайхандулаан сумдад зуншлага тааруу байсан учир энэ хавар хавсаргатай байх магадлалтай байна.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилд аймаг, сумын өвс тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлж, нэмэлтээр сум дундын өвс тэжээлийг нөөцийг нэмэлтээр бүрдүүлж, малчдад 15-20 хувийн хямдралтай үнээр олгосон. Одоогийн байдлаар аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулаад Улсын онцгой комисс, Улсын нөөцийн Хүмүүнлэгийн тусламжийн газар луу өвс тэжээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох саналыг хүргүүлсний дагуу 100 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр, 12000 боодол өвсийг үнэ төлбөргүй зарим сумдад хүргэнэ.

Миний бие гуравдугаар сардаа багтаан өвөлжилт, хаваржилт, малдчынхаа нөхцөл байдалтай танилцахаар сумдад ажиллаж байна. Мөн  гуравдугаар сарын арван тавнаас бүх сумдруу хаваржилтын бэлтгэл ажлын хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар төлөвлөж байна.

Урь орж, бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Нилээдгүй ажлуудыг хийхээр төлөвлөсөн болов уу?

2018 оныг бид “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, мөн бүтээн байгуулалтын жил үргэлжилнэ. Зорилтод жилийн хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарт  нилээдгүй  хөрөнгө оруулалтаар хүн рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хоёр томоохон төслийн ажил эхлээд байна. Тухайлбал: Алтанширээ суманд 1,5 сая тонн газрын тосны нөөцтэй нефть боловсруулж шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барих ажил 2018 оны зургаадугаар сараас эхэлнэ. Эхний ээлжинд төмөр зам, авто зам, өндөр хүчдэлийн ажлууд таван сард багтаад мөн эхэлнэ. Мөн Хангийн боомт болон Зүүнбаянгийн төмөр замын асуудал байна. Хорин хоёр жил үйл ажиллагаа нь зогсонги байсан Замын-Үүдийн чөлөөт бүсийг 2018 онд ашиглалтад оруулахаар Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх тааламжтай нөхцөл байдал бий болгож байгааг дуулгахад таатай байна.

2018 онд өмнөх оноос 2 дахин их бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал: “Мандах наран хороолол”-ын хоёрдугаар ээлжийн орон сууцууд / Сайншанд суманд 260 айл, Замын-Үүд суманд 344 айлын орон сууц/, Усан спорт, сургалтын төв, Алтанширээ сум, Улаанбадрах сумдад нэгдсэн халаалт, цэвэр бохир усны нэгдсэн систем, Замын-Үүд суманд зам, талбайг засах, гэрэлтүүлгийн ажлууд болон сум бүрт томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна.

Гадаад, дотоодын төслөөр олон ажил хийгдэнэ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар  Сайншанд сумын 7-р багт 150 хүүхдийн цэцэрлэг, Америкийн элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар 50 ортой цэцэрлэг,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг баригдана.

Уул уурхайн компаниудтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Алтанширээ, Даланжаргалан, Сайншанд сумын Зүүнбаян багт хүүхдийн цэцэрлэг барихаар болсон бол цэвэр усны хязгаарлалттай Өргөн сумыг байнгын цэвэр устай болгох асуудлыг шийдвэрлээд байна.

2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантайгаар холбоотойгоор эрүүл мэнд, боловсролын салбарт  нилээдгүй  хөрөнгө оруулалтыг хийнэ.

Энэ сарын 09-12-ныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн урд талын сумдад очиж ажиллана. Төрийн байгууллагууд иргэдэд хүрч ажиллаж байгаа талаар иргэдийн дуу хоолойг сонсох, малчдынхаа нөхцөл байдалтай танилцана.

Манай орон нутгийн зүгээс нутгийн иргэдийг ажлын байраар хангах, татвараа цаг хугацаанд нь төлөх, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжиж ажиллах, сум орон нутагт өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтыг хийх гэсэн эдгээр асуудлыг тусгаж нийгмийн хариуцлагын гэрээг байгуулсан байгаа. Монгол улсын Засгийн газарт Зүүнбаянг сум болгох тухай асуудлыг өргөн барьсан байна. Удахгүй УИХ-аар оруулж шийдэгдэх байх гэж бодож байна. Зүүнбаян тээвэр ложистекийн чиглэлээр хөгжих, боловсруулах баяжуулах үйлдвэр баригдах боломж байна. Цэргийн ангийн бүрэлдэхүүн томорч байгаа. Энэ жил “Оюу толгой компани”-тай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулсан. Оюу толгой компаниас зарлагдаж байгаа тендерт аймгийнхаа компаниудыг оролцуулах, Сайхандулаан сумын 2,5 км замыг засуулах, нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлуудыг хийж гүйцэтгүүлэх, Оюу толгойтой гэрээ байгуулсан бүхий л тээврийн хэрэгслийг нутгийн жолооч нараар бариулах болно. Д.Данзанравжаа хутагтын 215 жилийн ойн ажлын хэсэг 1 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Энэ наадмыг угтсан ОУ-ын хэмжээний олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 03 сарын 24-25-нд Улаанбаатар хотод Д.Данзанравжаа хутагтыг сурталчлах, хандивлагчдын чуулга уулзалтыг хийхээр бэлтгэж байна. Үргэлжлүүлээд 04 сарын 15-наас ойтой холбоотой төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж эхэлнэ. Энэ жил Сайншанд сумын 7-р багт 320 хүүхдийн сургууль, эмнэлэг баригдаж орон сууц, эмнэлэг, багийн төв, цэцэрлэг, сургууль гээд хотхон баригдана. Цаашид Дорноговь аймаг дэд бүтцээ ашиглаж, хямд өртөгтэй орон сууцуудыг байгуулахыг чухалчилж байна.

Хамтын ажиллагаатай Япон улсын Шизүока муж руу холбогдох албаны хүмүүстэй яваад ирлээ. Ямар ажлыг амжуулав? Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжээд мөн багагүй хугацаа өнгөрсөн байна. Айлчлалын гол зорилгын талаар мэдээлэл өгнө үү?  

Дорноговь аймгийн гадаад харилцаа тэлэх тал дээр анхаарал хандуулж байна.

Одоогоор Япон улсын Шизүко муж, БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Шилийн гол, Дархан Муу мянган холбоот хошуу, Бугат хот, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хот, Солонгос улсын Гуанжү хоттой найрамдалт хамтын ажиллагаатай холбоотой ажиллаж байна. Япон улсын Шизүока мужийн хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгаас 200 орчим хүүхэд яваад ирсэн. Сурлага, спортоор амжилт гаргасан, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын сурагчдын зардлыг “Дорноговь Их хөгжлийн сан ТББ” хариуцаж багш нарын зардлыг аймгийн ЗДТГ шийдвэрлэсэн.

Мөн ОХУ-ын Эрхүү хот руу 30 сурагчийг аялуулсан. Эрхүү хотоос Орос хэлний багш авчирч ажиллуулж байна. Удахгүй математикийн багш авчирна. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийг бас урьж авчирч гэрээ байгуулан ажиллах гэж байна. Сайн боловсон хүчнийг нутагтаа ажиллуулж туршлагажиж авах зорилготой байна. Энэ ажлын хүрээнд Япон улсад төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, ус цэвэршүүлэх байгууламж байгуулагдах гэж байгаа тул энэ газарт ажиллах хүчнийг бэлтгэхэд тусламж, арга зүйн зөвлөгөө сургалтыг авч байна. Замын-Үүд суманд зургадугаар сарын арван таван гэхэд цэвэр усны байгууламж ашиглалтад орж улсын комисс хүлээж авна. Үүнд ажиллах ажилчдыг бэлтгэж байгаа. Жилдээ гурван багш, гучин сурагч Япон улс руу явж туршлага судалж ирдэг. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийг Япон улсын Шизүко мужын сувилагчийн их сургуультай харилцаа холбоотой болгох талаар судалгаа хийж байна. Гамшгаас хамгаалах ялангуяа малын гоц халдварт өвчин, газар хөдлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Онцгой байдлын газрыг харилцаа холбоотой болгож дээрх чиглэлүүдэд хамтарч ажиллахаар Японы талтай гэрээ байгуулаад байна.

Дорноговь аймгийн хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноог дээшлүүлэхийн тулд өнгөрсөн жилээс ач холбогдол өгч тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирлээ. 2018 онд оноог ахиулахын тулд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Дээр хэлсэнчлэн багшлах боловсон хүчнийг дэмжиж, сайн багшийг хүүхдүүдтэй тулж ажиллуулах шаардлагатай байна. Түүнчлэн багш, эцэг эхчүүд, хүүхэд гурвын хичээл зүтгэл, өөрийгөө дайчлах чадварыг хүүхдүүддээ суулгаж өгөхөд манай эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо чухал байна. Энэ жил Дорноговь аймагт Монгол Улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит Улсын математикийн 54-р олимпиадыг ирэх 5-р сард зохион байгуулна. Математикийн тестийн машиныг шинэчлнэ.

 Саяхан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ алхам” арга хэмжээг зохион байгуулж, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, шинэ алхам номыг төгсөх ангийн сурагчдад өглөө.

Хувиараа болон өрхөөрөө үйлдвэрлэл эрхлэгч иргэдээ дэмжих хамтарч ажиллах тал дээр яаж анхаарч байна вэ? Аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал..?

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана.

Дорноговь аймгийн Худалдаа аж үйлдвэрийн салбар танхимын гишүүдийн хурлыг хийж, шинэ бүтцэд оруулсан. БНХАУ-ын Бээжин хотод Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум арга хэмжээ 03 сарын 18-21-ний өдрүүдэд  болох бөгөөд орон нутгаас оролцох бизнес эрхлэгчдийг бүртгэж байна. Мөн ирэх 4-р сард Солонгос улсад томоохон үзэсгэлэн болох юм. Тус үзэсгэлэнгээр орон нутгаа сурталчлан оролцоно.

Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийг олгоно.

 

Орон нутгийн жижг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, бизнес эрхлэгчдийг Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниудтай холбох ажлыг нийгмийн хариуцлагын гэрээнд тусгаж шийдвэрлээд байна.

 2018 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг зочид буудал, ресторан, бэлэг дурсгалын газруудад аялал жуулчлалын стандартыг нэвтрүүлэх, худалдаа үйлчилгээний газруудын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна.

Дорноговь аймгийн аялал жуулчлалын компаниудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны хошуу, хотуудтай танилцуулах төлөвлөгөөтэй байна. Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хамарын хийд орчмын гэр буудлын үйлчилгээ болон цэвэр ус болон нойлын асуудлыг шийдвэрлэнэ.

Цагдаагийн газартай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Ялангуяа зам тээврийн ослыг бууруулах тал дээр?

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Архидан согтууруулахтай тэмцэх түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг батлуулаад байна.

 Энэ онд аймгийн хэмжээнд 654 гэмт хэрэг бүртгэгдсэн тоо байна. Үүнээс 24% нь буюу 157 гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэх мэдээ байна. Гэхдээ 2016 онд 665 гэмт хэрэг үйлдсэний 32,7% нь согтуугаар үйлдсэн гэмт хэрэг байгаа юм. Харьцуулбал 14 хувиар буурсан байгаа юм. Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зөрчлийн тоо нэмэгдсэн. Ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан зөрчил нилээдгүй хувийг эзэлж байна.

Тиймээс бид “Архидан согтууруулах хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”--ийг батлуулсан. Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуй нэгж, байгууллагад хяналт тавина. Зөрчил гаргасан тохиолдолд ямар шийтгэл оногдуулах талаар тодорхой тусгасан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, камерын хяналтын системийг Сайншанд, Замын-Үүд сумын төв зам дагуу  болон зарим гэр хороололд суурьлуулсан. 2018 онд Айраг, Замын-Үүд, Эрдэнэ суманд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар замын цагдаагийн байнгын хяналтын цэгийг  барина.

2018 онд Дорноговь аймгийн эдийн засгийн өсөлт 8,3%-тай, ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 4 сая төгрөг болж амжиргаа тодорхой хэмжээгээр сайжирсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Цаашид иргэдээ ажилтай, орлоготой байх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрх толгойлсон 50-иас дээш насны иргэд болон АА-д харьяалагддаг иргэдийг Сайншанд-Хот тохижилтын газарт хорин ажлын байр гаргаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллуулж байна.

Эдгээр хүмүүс сайн ажиллавал хөдөлмөрийн гэрээ байгуулж, Сайншанд-Хот тохижилтын газрын үндсэн ажилтан болгоно.

Энэ ажил Замын-Үүд суманд мөн хийгдэж байгаа. Цөлжилтийг бууруулах хэлбэрээр Солонгос, БНХАУ-ын нийт 800 мянган долларын өртөгтэй төсөл, хөтөлбөрийг Замын-Үүд суманд хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу саналаа өгчихсөн. Төсөл хэрэгжчихвэл цөлжилтийн эсрэг ногоон төгөл баригдаж иргэд ажлын байраар хангагдана.

Сайншанд суманд шинээр 4 цэцэрлэг баригдана. Хоёр цэцэрлэг зээл тусламжаар, нэг нь аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтаар, нөгөө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдана. Нэг сургууль, эмнэлэг, усан спортын төв, кино театрын барилгын ажлыг энэ жил дуусгана. Шинэ барилга байгууламж ашиглалтад орох тутамд ажлын байр нэмэгдэнэ шүү дээ.

Цаашдаа нэмүү өртөг шингэсэн ажлын байрыг бий болгосон эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүдийг Дорноговь аймагт байгуулбал үр ашигтай гэсэн бодолтой байна.

Иймэрхүү төслийг хамгийн их дэмжинэ. Баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудыг дэмж гэсэн үүргийг сумдын удирдлагуудад өгч байна. Ингэж байж бид газрын доорх баялагаа ашиглан, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Аймаг орон нутаг маань хөгжинө шүү дээ.

        Жил бүр агентлаг хэлтэс болон сумдын засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Энэ гэрээний хэрэгжилт ер нь ямар түвшинд байдаг вэ? 2016, 2017 онд гэрээ байгуулсан албаны төлөөллүүд хэрхэн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

         Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хариуцлагын жил  болгон зарласан. Иймээс бид үр дүнгийн гэрээнд хариуцлагын асуудлыг маш сайн тусгасан.

Үр дүнгийн гэрээг сумд 80-аас дээш хувьтай үнэлэгдсэн. 2017 онд үр дүнгийн гэрээг  хангалтгүй биелүүлсэн хоёр байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байна. Цаашдаа үр дүнгийн гэрээнд тусгасан ажлуудыг цаг тухайд нь хийдэг, хэрэгжүүлүүлэх гэж чармайдаг байгууллага, хэлтэс, засаг дарга нартай хамтарч ажиллана.

    Замын-Үүд суманд мах экспортлох ажил ямар шатанд явж байна вэ? Орон нутгийн иргэд махаа хэрхэн, хаана нийлүүлэх вэ?  

         Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад анх удаа Замын-Үүд суманд БНХАУ-руу бог мал, махан бүтээгдэхүүн экспортлох төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус төслийг “Болор Гантиг” ХХК хэрэгжүүлэх бөгөөд ирэх долоодугаар сараас бог малыг экспортолж эхэлнэ. Экспортод гаргаж буй нийт мал, махан бүтээгдэхүүний  15 хувийг Дорноговь аймгийн компанид квот өгч гаргуулах юм.  Ингэснээр малчдын орлогыг нэмэгдэж, жилийн дөрвөн улиралд малаа борлуулах боломжтой болно. Цаашид малын тоонд биш чанарт анхаарах шаардлагатай болно гэсэн үг юм.

2017 оны сүүлээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн сайд гээд Засгийн газрын томоохон төлөөллүүд Дорноговь аймагт ажилласан. Сайд нар ажилласны тодорхой үр дүнг ард иргэд хүлээж байна...Энэ асуултад та ямар хариулт өгөх бол?

Тус айлчлалууд ихээхэн ажил хэрэгч айлчлалууд болсон. Жишээлбэл: Замын-Үүд суманд Шинэ сум төслийн хүрээнд баригдсан боловч царцаагдаад буй төрөх эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгүүдийн барилгын ажлыг ямартайч хөдөлгөж барихаар болоод байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговьд ажиллаад буцахдаа Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж яаравчлуулна хэмээн хэлж байсан. Хэд хоногийн өмнө Монгол Улсын Шадар Сайдын Ажлын алба, Дэлхийн банк, “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн алба хамтран Чөлөөт бүс дэх экспорт импортын давуу тал сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Ингээд үндсэндээ Чөлөөт бүс байгуулагдах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзээд байна. 2018 онд Зам тээврийн, хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам сайдыг урьж авчирна. Гол нь аймаг орон нутагтаа амьдарч, ажиллаж байгаа иргэд болон шат шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчид маань нэгэн сэтгэлээр зөв хандлагатай, ажил хэрэгчээр аливаа асуудалд хандан хамтарч ажиллавал хамтдаа Дорноговь аймгаа хөгжүүлэх боломж бидэнд байна.

Ярилцсан: З.Энхзул