"ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ" БУЮУ "ОНЦ" ГЭЖ ДҮГНЭГДЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/11

Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймгийн Засаг дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дүгээр сарын 08-11-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Иж бүрэн сургуулийн эхний өдөр /2017.11.09/-ны өглөөний 7.00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн “Сирень” дохио дуугарч, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн цугларч, жагсаалын үзлэг, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажилласан юм.

ОБЕГ-аас Газар хөдлөлт, Малын гоц халдвар шүлхий өвчин болон Цас ихээр орж өвөлжилт хүндэрсэн гэсэн гурван цагийн байдлыг өгч, үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн үед албад, мэргэжлийн ангийн хамтын ажиллагааг харуулсан дадлага сургуулийг зохион байгуулсан юм.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайншанд сумын иргэд аюулгүй талбай руу нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулж, 20 гаруй мянган иргэн буюу 98%-ийн ирцтэй хамрагдсан.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд “Газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа”, “200 ортой хээрийн хүн эмнэлэг дэлгэх”, “Хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох Хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургууь” болон “Төмөр замын ослын хор уршгийг арилгах” дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Сургуулийн гурав дахь өдөр буюу өнөөдөр Айраг сумын 1200 гаруй иргэнийг гамшгийн үеэр түр цугларах байранд нүүлгэн шилжүүлж, Нүүлгэн шилжилтийн бүсэд 50 гэр, 10 майхан платка байршуулан эмнэлэг, банк санхүү, сургууль, сурагчдын дотуур байр, цэцэрлэг, музей болон иргэдийг байршуулах байр зэргийг байгуулж ажиллав.

Айраг сумын нүүлгэн шилжүүлэлтийн дараагаар “Удирдах бүрэлдэхүүний сорил, дадлага” тэмцээнийг 6 багийн 70 гаруй удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явуулсан юм.

Тэмцээнийг 5 км-ын зайд торон саад, гал унтраах, нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх, байршил тогтоох, холбооны бэлтгэл болон утаат цэгийг туулах болон хээрийн үед бэлэн байдлын цүнхний нөөц хүнсээр хэрхэн хоол хийх зэрэг тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр Б.Ганзориг ахлагчтай баг тамирчид нэгдүгээр байрт, Ч.Түвшинтөр ахлагчтай баг тамирчид хоёрдугаар байрт, Л.Тамир ахлагчтай баг тамирчид гуравдугаар байрт шалгарав.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хаалтын хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17 цагт зохион байгуулж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 300 гаруй албан хаагчид оролцож, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас “Дүүрэн хангалттай” буюу “ОНЦ” гэсэн үнэлгээг авч, Дорноговьчууд гамшгийн аюулыг даван туулж чадахаа харуулж чадлаа.

Мөн тус сургуульд идэвх зүтгэл гаргаж оролцсон зарим албан хаагчдыг ОБЕГ-н шагналаар шагнаж урамшууллаа.Үүнд:

“Онцгой байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, дэслэгч н.Амарболд нарыг,

“Онцгой байдлын төлөө 3-р зэргийн тэмдэг”-ээр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нарыг,

Онцгой байдлын Ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Батцэцэг, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түвшинбаяр, Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар нарыг,

Онцгой байдлын Ерөнхий газрын Сайшаалын үнэмлэхээр Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг, Өргөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Цасанцэцэг, Төмөр замын 4-р ангийн дарга н.Оргодол нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар