“БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН АСУУДАЛ БОЛ СУРЛАГЫН ЧАНАР БА СУРГАЛТЫН ЧАНАР НЬ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨС БИШ, СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТААС ХАМААРЧ БАЙНА” ГЭСЭН ДҮГНЭЛТЭД ХҮРЭВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/01


Ерөнхий боловсролын чанарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарыг чадваржуулах, сурагчдын сурлагын чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлэх зорилгоор "ДОРНОГОВИЙН БОЛОВСРОЛ" хэлэлцүүлгийг 2 үе шаттайгаар сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчийн 346 төлөөллийг оролцуулан 2017 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг багш, эцэг эх, сурагчид гэсэн ангиллаар явуулж, Боловсролын чанар үр дүн, Багшийн ёс зүй харилцаа, Багшийн нийгмийн асуудлууд, эцэг эхийн үүрэг оролцоо болон ЕБС-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлаар хэлэлцсэн юм.
Боловсролын үндсэн асуудал бол сурлагын чанар ба сургалтын чанар нь сургалтын хөтөлбөрөөс биш, сургалтын зохион байгуулалтаас хамаарч байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мөн ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод хяналт, шалгалтыг сайжруулах, эцэг, эхийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, тэгш хүртээмжтэй үйлчилгээг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах шаардлагатай байгаа юм.
Багш бүр мэдлэг чадвараа шавь нартаа түгээн, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн эзэн нь байж, урам зоригтойгоор ажиллаж, сурагч бүр өөрөө өөрийгөө удирдан, эрдэм мэдлэгийн төлөө оюун ухаанаа дайчилж, эцэг, эх бүр үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэн, сургууль, багш, хүүхдүүдээ дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч дарга Г.Эрдэнэцэцэг, БСШУСЯ-ны ерөнхий боловсролын Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн А.Цолмон, Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, “Шинэ Монгол” сургуулийн захирал н.Наранбаяр, Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр болон ЕБС-ийн удирдлага, багш, эцэг, эх, сурагчдын төлөөлөл оролцов.