ДОРНОГОВЬ АЙМГИЙН “ЭХ ХЭЛ БИЧИГ- БИДНИЙ ӨВ СОЁЛ” ХӨТӨЛБӨР \2016- 2020\
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/05/22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 ........... –р тогтоолын хавсралт

                                               

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН “ЭХ ХЭЛ БИЧИГ- БИДНИЙ ӨВ СОЁЛ” 

ХӨТӨЛБӨР \2016- 2020\

 

 

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага

 

          Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд энэхүү бичгийг Монголчууд XIII зуунаас хэл аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдөржүүлэн олон зүйл мэдлэг ухааны туурвил бүтээлийг бий болгожээ. Монголын ард түмний соёлын өв болсон монгол бичгийг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн үүрэг мөн.

         Монгол бичгийг VIII зуунаас эхлэн 1950 он хүртэл Монголчуудын 1500 жилийн түүхтэй төр улсын албан ёсны бичиг байв. 1950-иад онооос хойш 60 гаруй жил төрийн албан хэргийг кирил бичгээр хөтөлж, Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МУ-ын ерөнхий сайд, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, хот, аймаг, дүүрэг, сум хороодын тамгыг монгол бичгээр үйлдэн хэрэглэсэн төдийгүй гадаадад явуулах элчин бичгийг, мөн түүнчлэн  ЕБС, их дээд сургууль төгсөгчдийн диплом, төрсний гэрчилгээг монгол бичгээр үйлддэг болоод 20 шахам жил боллоо. Энэ нь монгол бичиг төрийн бичгийн үндсэн үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэг бодит баримт юм.

        ЕБС-ийн дунд, ахлах ангид 1980-аад оны дунд үед үеэс монгол бичгийг заах болсон нь түүнийг залуу үед өвлүүлэх нэг алхам болсон бол 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн нь үндэсний бичиг үсгээ дахин сэргээх боломжийг нээсэн билээ. “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай” “Улсын Бага хурлын 1991 оны 36 дугаар тогтоол гарч, түүнийг хэрэгжүүлэх өргөн далайцтай ажил зохиогдсон байна. Улсын их хурлын 1995 оны 43 дугаар, 2008 оны 196 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -1, 2”-ыг 2005-2015 он хүртэл хэрэгжүүлсэн.

        2015 онд “Монгол хэлний тухай” хууль батлагдаж, нийтээр мөрдөж байна. Тус хуулийн 7-р зүйлийн 2 дахь хэсэгт үндэсний Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан.

        Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс  Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 сарыцн 26-ны өдрийн № 03-р тогтоолыг баталсан байна. Үүнд 2.1.4. “Төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх”, “...Монгол хэл, бичиг үсгийн өвийг  хамгаалах, үндэсний монгол бичиг дээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх” зэрэг заалтыг заасан байна.

       Дорноговь аймаг нь өмнөд хөрш болох Өвөрмонголын аймгуудтай шууд харилцаатай, тэнд монгол бичгийн  сургалт сурталчилгаа, судалгааны маш том зах зээл, хэрэглээний олон жилийн баялаг туршлага хуримтлагдсан байдаг. Үндэсний бичгээ сурч судлах, өвлөн залгамжлах, монгол хэл бичгээ эзэмших, хэрэглэх, хадгалан хамгаалж хөгжүүлэхэд тэднээс суралцах шаардлага ч буй.

       Дорнын Их соён гэгээрүүлэгч Д. Равжаагийн бүтээлийн өв монгол бичиг болон төвөд үсгээр хадгалагдан судлах эзнээ хүлээж байна. Мөн монгол бичгээр үлдсэн өв соёлыг хойч үеийнхэндээ эзэмшүүлэх түүгээр бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд үндэсний бичгээ сурч судлан хэрэглэх асуудал тулгамдсан асуудал болж байна. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын албан хаагчид үндэсний бичиг үсгээ судлан, хэрэглээний чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай  боллоо.

         Монгол Улсын  Засгийн газрын 2012 оны 37-р тогтоолоор эх хэлний үнэлэмж,үндэсний бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийн чадварыг дээшлүүлэх талаар шийдвэр гарсан. Гэвч монгол хэлний бичгийн хэлний хэм хэмжээ зарим талаар алдагдаж, гадаад үг хэллэг, нэр томьёоны хэрэглээ ихсэж, төрийн албан хэргийн хөтлөлт, албан газар, аж ахуйн нэгжүүдийн хаяг зар сурталчилгааны бараа бүтээгдэхүүний шошго, танилцуулга, түүнд тавигдах шаардлага бүрэн хэрэгжихгүй байгаа сөрөг зүйлүүд гарсаар байна.

        Иймд Дорноговь аймгийн “Эх хэл бичиг- бидний өв соёл” хөтөлбөрийг боловсруулж, үндэсний бичиг үсгээ бахархан дээдлэх, аман болон бичгийн хэлээ цэвэр ариун, яруу тунгалаг, утга төгөлдөр, оновчтой байлгаж, эх хэл бичгээрээ манлайлагч аймаг болохыг зорин ажиллах хэрэгтэй байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

 

            Үндэсний хэл, бичиг соёлоо эрхэмлэн сурч судлах, хэрэглээний орчин бүрдүүлж, нийт иргэд суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, соёлын түвшинг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.

 

3.1. Багш нарын эх хэл бичгийн боловсролын чанар үр дүнг  дээшлүүлэх

3.2. Хүүхэд нэг бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх

3.3. Эх хэл бичгийн зөв хэрэглээ бүхий орчинг бүрдүүлэх

3.4. Иргэд болон удирдах байгууллагын ажилтнуудын  монгол хэл бичгийн хэрэглээний боловсрол, соёлыг сайжруулах

 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

 

1-р зорилтын хүрээнд:

1.1. Монгол хэл, бага анги, цэцэрлэгийн багш нарын эх хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, мэргэжлийг үе шаттайгаар дээшлүүлэх

1.2. Монгол хэл, бага анги, цэцэрлэгийн багш нарыг гадаад орнуудад туршлага судлуулах, сургалтын шилдэг арга зүй, технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлж, бусад сургуульд зочин багшаар ажиллуулах

1.3. Эх хэлний багш нарын судалгааны ажлыг дэмжиж, илтгэл, гарын авлагыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 1.4. Эх хэл соёлын цахим мэдээллийн санг  бүрдүүлж, монгол хэл бичгийн багш нарын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх

 

2-р зорилтын хүрээнд:

2.1. ЕБС-дад “Уран бичиг-бидний өв, соёл” уран бичлэгийн дугуйлан хичээллүүлэх

2.2. “Эх хэл-бидний өв соёл” үндэсний бичиг соёлын өдрийг тусгай удирдамжаар тэмдэглэх

2.3. Суралцагчдын эх хэл, үндэсний бичгийн мэдлэгийн түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийж, сайжруулах

2.4. Монгол улсын гавьяат багш нарын нэрэмжит олимпиадыг багш, сурагчдын  дунд зохиох

 

3-р зорилтын хүрээнд:

3.1. Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, гудамж, талбайн хаяг, бүтээгдэхүүний шошгыг кирил болон үндэсний бичгээр зөв үйлдэхийг захирамжилж хэрэгжүүлэх

3.2. Монгол хэл бичгийн жишиг кабинетыг сумын сургууль бүрт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулж ажиллуулах

3.3. Иргэд монгол хэл, үндэсний бичгээ сурах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллах

3.4. Иргэдэд монгол хэл болон монгол бичгийн зөв бичгийн дүрэм, журамласан үгийн сургалт зохион байгуулж, зөв хэрэглээг бий болгох

 

4-р зорилтын хүрээнд:

4.1. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн чадварын түвшинг тогтоож, үе шаттай сургалт зохиох

4.2. Монгол бичгийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг явуулж, иргэдийн монгол бичиг сурах идэвх сонирхлыг өрнүүлэх

4.3. “Гэрийн багш-гарын шавь” нөлөөлөх хөдөлгөөн өрнүүлж, эцэг эхчүүддээ үндэсний бичгээ зааж сургасан хүүхдүүдийг шалгаруулах

4.4. “Дорнын говийн сайхан бичигтэн” монгол хэл бичгийн уралдааныг байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж, нийтэд сурталчлан алдаршуулах

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага зохион байгуулалт, хяналт

 

5.1. “Эх хэл бичиг- бидний өв соёл” хөтөлбөрийн үе шат:

1-р үе шат:  2016-2020                        

2-р үе шат:  2021-2025 онд хэрэгжинэ.

 

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд  аймгийн засаг дарга, Сумдад сумын засаг дарга, багт багийн засаг дарга ахалж ажиллана.

Хөтөлбөрийн холбогдох заалтыг төсвийн ерөнхийлөн захирагчаас сумын  засаг даргатай байгуулах гэрээнд тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

5.3. Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлыг жил бүр шат шатны Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн биелэлт, үр дүнг тооцож, холбогдох шийдвэрийг гаргаж ажиллана.

 

 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

 

6.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

-Улсын болон орон нутгийн төсөв

-Гадаад орон, олон улсын хандивлагч байгууллагын тусламж, төслийн хөрөнгө болон иргэд,

-Төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг

6.2. Аймаг, сумын Засаг дарга, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж батлуулна.

 

Долоо. Хөтөлбөрийн шалгуур, үзүүлэлт

 

Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур, үзүүлэлтээр дүгнэнэ.

7.1. Монгол хэл бичгийн багш нарын заах арга ур чадварт ахиц гарсан байна.

7.2. Бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хаяг болон зар сурталчилгааг монгол кирилл бичгээр бичиж хэвшинэ.

7.3. Төрийн захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагад монгол хэл, бичгийн орчин, зохистой хэрэглээ бүрдэнэ.

7.4. Монгол бичиг сурах иргэдийн сонирхол, хэрэгцээ үнэлэмж нэмэгдэнэ.

7.5. Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, ЕБС-ийн сурагчид, иргэдийн монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин ахисан байна.