ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ ДЭМЖИХ “ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁС” ДЭД ХӨТӨЛБӨР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/05/22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 ........... –р тогтоолын хавсралт

 

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ ДЭМЖИХ

“ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ  ЁС” ДЭД ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

2012  онд Дорноговь аймгийн ЭМГ-аас “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” 30 асуумж бүхий судалгааг санамсаргүй түүврийн аргаар 13 хүүхдийн байгууллагын 12-18  насны 1409 хүүхдийг хамруулан зохион байгуулсан байна. Судалгаанд оролцогчдыг хүйсийн байдлаар нь авч үзвэл: 725 буюу 51,5% нь эрэгтэй, 684 буюу 48,5% нь эмэгтэй сурагчид байна. Эрүүл мэндийн   зан үйлийг тодорхойлох судалгааны дүнгээс үзэхэд: 

  • Суралгаанд оролцогсдын 67% нь эрүүл мэндийн хичээлээс шаардлагатай мэдээллийг хангалттай авдаг, үлдсэн нь бусад эх сурвалжаас авдаг гэсэн байна. Одоо ЕБС-д хэрэгжүүлж байгаа сургалтын төлөвлөгөөгөөр эрүүл мэндийн хичээлийг тусгай цагаар орохгүй болсон нь хүүхэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл авах нөхцөл хязгаарлагдмал болсон байна.
  • Амны хөндийн ариун цэвэр сахиж шүдээ өдөртөө 1-2 удаа угаадаг гэж 76% /1072/, 0,9% нь огт угаадаггүй гэжээ. Үүнээс үзэхэд хүүхдүүд шүдээ угаах дадал хэвшилд жигд суралцаагүй байна.
  • Архи, тамхины хор хөнөөлийн талаар 63,2% нь хангалттай мэдлэгтэй гэсэн хариултыг өгсөн боловч 12,3% /173/ нь архи, согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэсэн ба үүнээс 12,7% нь 13-аас доош насандаа хэрэглэж үзсэн, 41,6% нь аав ээж нь архи согтууруулах ундааг хэрэглэдэг, 786 буюу 55,8% нь ээж, аав тамхи татдаг гэсэн нь өсвөр үеийнхэн бага наснаасаа хорт зуршилд өртөж мөн дам тамхидалтанд өртдөгийг харуулж байна.

2014 онд аймгийн эрүүл мэндийн төвүүдээс 0-18 насны 16752 хүүхдийн 11906 буюу 71.0% -ийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 3570 буюу 29,9% нь ямар нэгэн эрхтэн тогтолцооны эмгэгтэй байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 3.5%-аар нэмэгдсэн ба үүнээс шүдний өвчлөл, гүйлсэн булчирхайн үрэвсэл дийлэнх хувийг эзэлж байсан байна. Өвчлөлийн бүтцээр нь авч үзвэл: амны хөндийн эмгэг 42,7%, шээс бэлэгсийн замын эмгэг 31,5%, чих хамар хоолойн эмгэг 25,8%- иар эхний 3 байрыг  эзэлж байна.

2015 онд амны хөндийн тусгайлсан үзлэгт 5316 хүүхдийг хамруулснаас 3540 хүүхэд буюу 66.6% амны хөндийн эмгэгтэй гарсан ба сургууль, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж 1412 хүүхэд буюу 39.9%-ийг л эрүүлжүүлсэн байна.

2015-2016 оны хичээлийн жилд  цэцэрлэгүүд  нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТ, өрхийн эмнэлэгтэй хамтран 4285 хүүхдийг буюу нийт хүүхдийн 83.3%-ийг эмчийн үзлэгт хамруулснаас 53.0% шүдний өвчлөлтэй гарсан байна. 

Судалгаа болон үзлэгийн дүнгээс дүгнэж үзэхэд эрүүл мэндийн зөв зан үйлийг өдөр дутмын дадал хэвшил болгох тал дээр дутмаг, зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг сул, насанд хүрэгчдийн үлгэр дуурайл бага, амны хөдийн эрүүл ахуйг сахих, эрүүлжүүлэх ажил хангалтгүй байна. Иймд хүүхдийг бага наснаас нь эрүүл амьдралын зөв дадал хэвшилд сургах, өдөр тутмын дадал хэвшил болгох, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсролыг олгох сургалт явуулах, хүүхдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

Хүүхдийг амьдралын эрүүл, зөв дадал хэвшилд суралцахад дэмжлэг үзүүлэх, хүүхэд сурч хөгжих эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд багш, эцэг эх, төр болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд  оршино.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

 

3.1. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт,

сурталчилгааны ажлыг тогтмолжуулах

3.2. Эрүүл амьдралын энгийн дадал хэвшилд суралцахад дэмжлэг үзүүлэх

3.3. Амын хөндийн эрүүл мэнд, шүдний бүрэн бүтэн байдалд хүүхэд бүр өөртөө хяналт тавьж, шүд цоорох өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадалтай болоход дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх

3.4. Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг, эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

 

Дөрөв. Зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

 

4.1.“Бид өөрөө өөртөө эзэн” аюулгүй байдлын сургалтыг бүх шатны сургалтын

байгууллагуудад зохион байгуулж, хэрэгжүүлэх

4.2. Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажилд өсвөр үе залуучуудын

идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-ээс доошгүй удаа орох дадлыг хэвшүүлэх

4.3. Эрүүл амьдралын энгийн дадал хэвшилд суралцуулах арга хэмжээг зохион

байгуулах, хэвшүүлэх

4.4. Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах олон талт арга хэмжээг зохион

байгуулах

4.5. Сургууль түшиглэн шүдний кабинет байгуулах

4.6. Дотуур байрыг халуун ус, угаалгын үйлчилгээ, номын сан, чөлөөт цагаа

өнгөрүүлэх, хүүхэд хөгжлийн танхим, тоглоомын өрөөтэй болгож, сурагчдын  эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах олон талт арга хэмжээ зохион байгуулах

4.7. Дотуур байрын багшийг эрүүл ахуйн боловсрол олгох, зан үйлийг төлөвшүүлэх

чиглэлд сургах

4.8. Шаардлагатай цэцэрлэг, сургууль, дотуур байрын усны ариун цэврийн

байгууламжийг шинэчилж сайжруулах

4.9. Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд ундны ус уух боломжоор бүрэн хангах

4.10. Хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын талбайг тохижуулах

 

Тав. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

 

5.1. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт,

сурталчилгааны ажил тогтмолжсон байна.

5.2. Эрүүл амьдралын энгийн дадал хэвшилд /архи, тамхи, мансууруулах бодисын хор,oсол гэмтэл, охидын үр хөндөлт, жирэмслэлт, гал түймэр, байгалийн гамшиг, гар утас, гар угаах, дасгал хөдөлгөөн хийх/ суралцсан байна.

5.3. Сургууль түшиглэсэн шүдний кабинет бий болсноор шүд угаах, арчилж хамгаалах дадал хэвшилд суралцаж, амын хөндийн эрүүл мэнд сайжирсан байна.

5.4. Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг, эх олон нийтийн оролцоо нэмэгдсэн байна.

 

Зургаа. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

 

Хөтөлбөр 2017-2020 онд хэрэгжинэ.

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

            7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөтөөр хангах, зохицуулах, мэдээллээр хангах, хэрэгжилтэд  хяналт тавих үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс гүйцэтгэнэ.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг аймгийн

Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран гүйцэтгэнэ.

7.3. Сургууль, цэцэрлэг хамтран хэрэгжүүлнэ.

                  

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

 

8.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдүүлж, үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

  1. Жил бүр орон нутгийн хөгжил сангаас төсөв батлуулна.
  2. Боловсрол,соёл,урлагийн газрын төсвийн санхүүжилт;
  3. Улсын төсвийн санхүүжилт;
  4. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;
  5. Бусад;

 

Ес. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний тасаг гүйцэтгэнэ.

9.2. Боловсрол, соёл,урлагийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, тайланг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны дотор эхний хагас жилийн тайланг, 12 дугаар сарын 25-ны дотор бүтэн жилийн тайланг тус тус гаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

  9.3. Хөтөлбөрийн хэрэгжилт явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг Боловсрол, соёл, урлагийн газар хариуцан аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол,соёл, урлагийн газрын цахим хуудас, сонин, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.