Аялал жуулчлалын чиглэл гол бүтээгдэхүүн, бүтээн байгуулалт
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/26

Аялал жуулчлалын чиглэл  гол бүтээгдэхүүн, бүтээн байгуулалт : 
Дорноговь аймагт Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай шашин мөргөлийн,  түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Ноён хутагт Данзанравжаагийн ерөөл тавьсан Шамбалын орон,  Хамарын хийд, Хүслийн уул, Бүрдэнийн хөндий, Хашаатын говь, Их нартын хад зэрэг газрууд нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татан шашин мөргөлийн, эмчилгээ сувилгааны аяллууд  хөгжиж байна. 
Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам хатуу хучилттай болж ашиглалтанд орсон нь бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд томоохон хувь нэмэр болсон юм.  Хамарын хийдийн чиглэлд 42 км авто замтай болсон. Хамарын хийдийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдад аятай тухтай аялах боломжийг бүрдүүлж байна. БНХАУ-ын жуулчдыг татах зорилгоор Замын-Үүд суманд аялал жуулчлалын цогцолбор, Сайншанд хотод амралт зугаалга, аялал жуулчлалын зориулалт бүхий Дорноговь 80 цогцолбор, Дорноговь аймгийн  хүндэтгэлийн хаалга, Хамарын хийдийн цогцолбор, Өв соёлын өргөө буюу Соёмбо цогцолбор, Өндөр зэрэглэлийн зочид буудлуудыг тус тус барьж байгуулан орон нутагтаа аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор бүтээн байгуулж байна. 

 

2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 6 жуулчны бааз, 20 зочид буудал, 15 дэн  буудал , 3 рашаан сувилал, 3 амралтын газар, Хамарын хийдэд гэр буудлын үйлчилгээ явуулдаг 19 иргэн, 5 аялал жуулчлалын компани “Цайны зам тревэл” ХХК, “Элбэгжин” ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа “Дорны говь” ХХК, “GOBI-SUNRISE” ХХК, “Ийст Говь” ХХК, 12 музей сүм хийд, 300 гаруй  гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйл ажиллагаа  явуулж байна.

 

Эвент арга хэмжээ:

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээн сүргийн өсөлтийг хангах, сурталчлах зорилгоор Тэмээний баяр, Тэмээн Пологийн улсын аварга шалгаруулах

тэмцээнийг 2 жил тутамд, Д.Данзанравжаагийн мэндэлсний түүхт ойг 1993 оноос хойш 5 жил тутамд, Шамбалын ерөөл тавьсан тэмдэглэлт ойг 2007 оноос хойш жил бүрийн 9 сарын 10-нд тус тус зохион байгуулсаар ирсэн нь жуулчид, мөргөлчдийг тодорхой зорилготой төлөвлөгөөтэй аялах боломжийг бүрдүүлж байна.