ЗАМЫН-ҮҮД СУМЫН АЯЛЛЫН МАРШРУТ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/03/26


Замын-Үүд сум нь Улаанбаатар хотоос 651 км, аймгийн төв Сайншанд хотоос 243 км, БНХАУ-ын Эрээн хотоос 6 км зайтай байрладаг. ХХ зууны эхэн үед одоогийн Замын-Үүд сум харьцангуй төвлөрсөн, суман хилийн томоохон, чухал боомт газар болж , аян жингийн зам нь дөт, саад бартаа багатай байжээ. 1906 онд Замын-Үүдийн үүсэл, төвлөрөл бий болсон байна. 1950-иад оны дунд үеэс ЗХУ, Монгол – Хятад гурван гүрний Засгийн газрын хооронд байгуулсан гэрээгээр төмөр зам тавигдаж, 1956 оны 1-р сарын 3-нд ашиглалтанд хүлээн авч, Ази – Европыг холбосон төмөр замтай.

“Замын-Үүд” гэдэг нэрийг Борхойн тал дахь шинэ тосгонд шилжүүлэн нэрлэснээр “Замын-Үүд” –ийн шинэчлэн байгуулагдсан 50 жилийн ойн босгонд хүрч ирэв. Замын-Үүд Хилийн боомтоор өдөрт дунджаар 5500-6500 зорчигч, 1500-2000 тээврийн хэрэгсэл улсын хил нэвтэрдэг бөгөөд олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто зам болон төмөр зам, “Ханги” хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна. Замын-Үүд төмөр замын боомтоор зорчигч

тээврийн үйл ажиллагаанд “Монгол Улсын Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, БНХАУ-ын Төмөр замын байгууллагаас тогтоосон цагийн хуваарийн дагуу

Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх Москва-Улаанбаатар-Бээжин,  хот зэрэг дөрвөн чиглэлд долоо хоногт 10-18 вагон бүхий 12-14 галт тэргээр зорчигч тээвэрлэдэг.

Аялал, жуулчлалын үе буюу 6-9 дүгээр сард ОХУ, Европын орнуудаас Москва-Улаанбаатар-Бээжин, Москва-Улаанбаатар-Эрээний чиглэлд 20 хүртэл вагон бүхий захиалгат “Саятан” галт  тэргийг нэмэлтээр үйлчилгээнд явуулдаг.

“Замын-Үүд” авто замын боомт Монгол орны үүд хэмээн хүндлэгддэг Замын-Үүдийн нутгаар худалдаа арилжааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрдөг байсан түүхтэй. Энэхүү худалдаа арилжааны түүхэн зам эдүгээ ч бүдгэрсэнгүй. ‘’Монгол-Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр’’-ийн дагуу 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд авто замын

боомт нь нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Замын-Үүд” төмөр замын боомт

Монгол Улс 1956 оны 01 дүгээр 03-ны өдөр БНХАУ-тай ган замаар холбогдож, гадаад харилцаанд нэгэн шат ахисан түүхтэй. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээрээр Замын-Үүд төмөр замын боомт байгуулагдаж, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хэлэлцээрээр Олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай байхаар тогтоожээ.