ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЗАРЗҮЙН БҮТЭЦ, ХҮН АМ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/20

ХҮН АМ

            2016 оны эцэст 66.6 мянган байнгын оршин суугчтай болж 2015 оны жилийн эцсийн суурин хүн амын мэдээнээс 5.5 хувиар буюу 3481 хүнээр өссөн байна. 2000 оны хүн амын тооллогоос хойш жилд дунджаар 1.76 хувь буюу 16.0 мянган хүнээр, 2010 оны хүн амын тооллогоос хойш жилд дунджаар 1.4 хувь буюу 8.7 мянган хүнээр нэмэгджээ.

            Дорноговь аймгийн хүн амын тоо 1979-1989 онд бүх сумдын хүн ам жигд өссөн, 1989-2000 оны хооронд Иххэт, Мандах, Сайхандулаан, Сайншанд сумдаас бусад 10 сумын хүн амын тоо, 2000-2010 онд Айраг, Даланжаргалан, Сайншанд, Замын-Үүд сумын хүн амын тоо өссөн байна.

            2010-2016 онд Айраг, Иххэт, Хатанбулаг, сумын хүн амын тоо 0,24-0,61 хувиар буурч бусад сумдын хүн амын тоо жилд дунджаар 0.20-4.71 хувиар өслөө. Замын-Үүд сумын хүн амын тооны өсөлт 2000-2010 онд жилд дунджаар 9.25 хувь, 2010-2016 онд 4.71 хувь буюу өсөлтийн хувь хамгийн өндөр сум хэвээр байна.

            2016 оны эцэст 20299 өрхтэй болсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 1.4 хувиар буюу 281 өрхөөр нэмэгдэж нэг өрхөд ногдох хүний тоо 3.3 байна.

            2010 оны тооллогоор нийт өрхийн 58.6 хувь нь аймгийн төв, тосгонд, 41.4 хувь нь сумын төв, хөдөөд амьдарч байсан бол 2016 онд 59.8 хувь нь аймгийн төв, тосгонд, 40.2 хувь нь сумын

 

ГАЗАР ЗҮЙ

            Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.

НУТГИЙН ОНЦЛОГ

            -Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.

            -Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа.

            -Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.

            -Хилийн Замын-Үүд, Баянбулаг-Мандалын боомтууд нь Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна.

            -1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавъяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ. -Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.

            -1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтад орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.

            -Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

БАЙГАЛЬ, ЦАГ АГААР

            Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.