ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/30


Хутагт хэмээх эрхэм нэрээр овоглосон Дорноговьчууд бид бүхэн улиран өнгөрч буй оноо амжилт бүтээлийн дээдээр үдэж, айлчлан ирж буй шинэ жилээ цаглашгүй их амжилтын дор угтан авч байна.

Энэ цаг мөчид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилт бүтээлээрээ бахархаж, ирэх он жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөөд байна.

Бид 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Иргэдийн ая тухай амьдрах орчныг бүрдүүлэх, хүүхэд багачуудын сурах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласнаар боловсрол, соёл урлагийн салбарт сургууль, соёл, спортын цогцолбор, цэцэрлэг, дотуур байр, усан спорт, сургалтын төв, Авто тээврийн төв буудал, Гэр бүлийн талбай, 3 багийн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулсныг дуулгаж байгаадаа таатай байна.

Соён гэгээрүүлэгч, Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойгоо нийт ард иргэдтэйгээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, түүний алдар гавьяаг түгээн дэлгэрүүлэх зорилгоор урлаг соёлын арга хэмжээнүүд болон бүтээн байгуулалтын ажлыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017-2018 онуудыг Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, шинээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал “Мандах наран 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 344 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, аймгийн төвийн 14.5 км авто зам, явган хүний замыг шинэчилж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, Бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг улс орон нутаг, дотоод, гадаадын нийт 2989540,7 сая төгрөгийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймагт байгуулах Монгол Улсын Засгийн газрын түүхэн шийдвэр нь аймаг төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд томоохон хувь нэмэр үзүүлэх, шинэ ажлын байр бий болох, удахгүй бид дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй шатахуунаар хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэх юм.

Багш нарын заах арга барил, ур чадвар дээшлэн, сурагчдын сурлагын чанар сайжирч, 2017-2018 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын үнэлгээгээр улсын хэмжээнд 5 дугаарт орж, М.Сэртэв, Ц.Адъяасүрэн нар Монгол Улсын гавьяат багш, А.Шартолгой Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол хүртэж, 1900 түр ажлын байр, 758 байнгын ажлын байр бий болсон нь өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өссөн амжилттай байгааг дуулгахад таатай байна.

Цаашид бид бүхэн хамтдаа хөгжлийн үүд хаалгыг түүчээлэн татаж улс орныхоо нэрийн хуудас болон хөгжих, эхлүүлсэн ажлуудаа дуусгаж үр шимийг нь хүртэх, улам илүү амжилт гарган цэцэглэн хөгжих болно.

Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэн аз жаргал, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН