“ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХЭД, УЯАЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/05/16

 

        Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хутагтын хурд” морин спорт уяачдын холбоотой хамтран “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ  ХҮҮХЭД, УЯАЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2018 оны 5-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн комиссын Дорноговь аймаг дахь салбарын төлөөлөл, сумдын Засаг дарга түүний Тамгын газар,  аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, уяачид, эцэг эх, уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эхийн төлөөлөл болон даатгалын байгууллагын 90 гаруй төлөөлөл оролцлоо.

                 Энэхүү зөвлөгөөнийг Ноён хутагт Данзанравжаа хутагтын 215 жилийн ойг угтан анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Хурдан морины уралдаанч хүүхдийн  аюулгүй байдалд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, салбар хоорондын уялдаа холбоо, уралдаанч хүүхдийн стандарт хамгаалах хэрэгсэл, тавих шаардлагын талаар сургалт хийлээ.

Сургалтын үеэр талууд харилцан санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд зөвлөгөөс дараах саналыг гаргаж, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Үүнд:

  • Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлийг орон нутагт хэрэгжүүлэх, хэвших;
  • Уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх, даатгалын тохиолдол бүрийг гэрээнд нарийвчлан тусгах;
  • Стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх;
  • Бай, шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд тусад нь олгох, мөнгөн хэлбэрийн бус шагналын үнэлгээний 20 хувийг уралдаанч хүүхдэд олгох;
  • Уралдаанч хүүхдэд цол олгох асуудлыг холбогдох дээд байгууллагад уламжлах;
  • Уралдааны явцад унаж бэртсэн хүүхдийг эмнэлгийн хяналтад авах, гэр бүлд эргэх холбоотой ажиллаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх;
  • Зөвшөөрөгдсөн даатгалын компаниуд сум бүрт адил тэгш хүрч үйлчлэх;
  • Эцэг эхтэй байгуулах гэрээг батлагдсан загварын дагуу үйлдэж, эцэг эхийн зөвшөөрлийг заавал хийлгүүлж хэвших;
  • ЗД, сумдын уяачдын холбоо, эцэг эхчүүд харилцан уялдаа холбоогоо сайжруулан хамтран ажиллах;
  • Гарааны төхөөрөмжийн нэгдсэн стандарттай болох;
  • Морины эзэн, уяачид хүүхдийн бүртгэлийг цаг хугацаанд нь бүртгүүлэх, зарлагдсан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байх, үүний үр дүнд уралдаан бүр товлогдсон цаг хугацаанд эхэлж, дуусах;
  • Уралдаанч хүүхдийн бүртгэлд шаардлагатай бичиг баримтын бүрдэлтэд анхаарах,
  • Орон нутгийн цаг уурын нөхцөл байдал, уралдааны замын чийгшил зэргийг харгалзан уралдааныг зохион байгуулахаар болж, тус саналыг аймгийн Засаг даргын албан даалгавараар сумдад хүргүүлэхээр боллоо

Мөн зөвлөгөөний үр дүнд Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд түгээх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах, салбар хоорондын уялдааг хангахад хүүхэд хамгааллын асуудлаар талууд нэгдсэн  ойлголттой боллоо.