Нутаг орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа эрхэм хүндэт ахмадууд аа!
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/01

Нутаг орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа эрхэм хүндэт ахмадууд аа!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд, энх тунх, эрч хүчтэй байж, хойч үе бидэндээ үнэт сургаалаа хайрлаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явахын өлзийтэй ерөөлийг өргөе.

Монголын төр, Монгол түмэн нялхсыг өргөн тэтгэж, өтгөсийг асран хүндлэх ёс журмыг үеийн үед эрхэмлэн сахиж ирсэн сайхан уламжлалтайг та бид мэднэ. Манай ахмад үеийнхэн бол төр улсын өмөг түшиг, түүхийг дархлан бүтээгчид, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын гэрч нь билээ. Та бүхэн бол эх орныхоо ирээдүйн эздийг, удам угсаа, өв соёлоо залгамжлагчдыг өсгөж өндийлгөсөн, элж бүдэгрэшгүй гавьяатай хүмүүс юм.

Өнөөгийн манай ахмад үеийнхний амьдралын замнал бол бүхэлдээ XX-XXI зууны сэргэн мандсан, хөгжин дэвжсэн шинэ Монголын түүх юм. Энэ түүхийг хүндлэн дээдлэх, үргэлжлүүлэн бичих, та бүхнийхээ оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан байж бүтээсэн бүхнийг нэр төртэйгээр уламжлан авч явах эрхэм үүрэг өнөө цагийн бидэнд ногдсон билээ.

Энэ эрхэм хариуцлагатай үүрэгтээ эзэн нь байхын төлөө, эх орон, иргэн түмнийхээ язгуур эрх ашгийг урьтал болгож, цуцалтгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэх ёстой гэдгээ бид гүнээ ухамсарлан ойлгож байгаа. 
Манай аймгийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. 
Нутаг орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадаа таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН