“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ-2018” ТАЙЛАНТ СУРГАЛТ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/01

Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс 2018 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, туршлага мэдээллээ солилцох зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-2018” тайлант сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгууллаа. 
Сургалтад аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зөвлөгөөний үеэр Алтанширээ, Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвд нотебоок, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт компьютер, 2 суманд сорьц тээвэрлэх сав гардуулан өгч, цаашид аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад 2018 онд эрүүл мэндийн тусламж үйчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх, таатай орчинг бүрдүүлэх, дархлаажуулалтыг дэмжих, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцөөр хангах зорилгоор хүн амын төвлөрөл ихтэй Сайншанд сумын 1, 2, 3, 7-р багийн хөгжлийн төвүүдэд өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулна.
Мөн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 644,8 сая төгрөгийн 28 нэр төрлийн 56 ширхэг эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжийг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 29 нэр төрлийн лаборатори, цахилгаан эмчилгээ, сэхээн амьдруулалт яаралтай тусламж, эмнэлгийн зориулалтын ор зэрэг 77 ширхэг тоног төхөөрөмжийг 70.5 сая төгрөгийн санхүүжилтаар шийдвэрлээд байна.