МАЛЫН ТОО 145.5 МЯНГАН ТОЛГОЙГООР ӨСЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/02

2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2147.2 мянган толгой мал тоологдсоны дотор 42.8 мянган тэмээ, 139.9 мянган адуу, 80.5 мянган үхэр, 925.8 мянган хонь, 958.2 мянган ямаа тоологджээ. Тэмээн сүргийн тоогоороо улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Нийт малын тоо өмнөх оноос 7.3 хувь буюу 145.5 мянган толгойгоор өслөө. 
Мал сүргийн тоог таван төрлөөр авч үзвэл тэмээ 5.1 хувь, адуу 5.0 хувь, үхэр 10.9 хувь, хонь 7.5 хувь, ямаа 7.2 хувиар тус тус өссөн байна. Жил бүрийн эцсийн мал тооллогын дүнг харахад аймаг байгуулагдсан 1931 оноос нэг саяас дээш мал тоолуулсан 25 дахь жил, хоёр саяас дээш мал тоолуулсан 2 дахь жил байлаа.
Сүргийн бүтцэд ямаа 44.6 хувийг, хонь 43.1 хувийг, адуу 6.5 хувийг, үхэр 3.7 хувийг, тэмээ 2.0 хувийг тус тус эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад адууны эзлэх хувь 0.1 пунктээр буурч, үхэр, хонины эзлэх хувь 0.1 пунктээр нэмэгдэж, тэмээ, ямааны эзлэх хувь өмнө оныхтой адил байна. Аминдаа малтай 5286 өрх байгаагийн 80.1 хувь буюу 4232 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх байна.