ИХХЭТ, ДЭЛГЭРЭХ СУМДЫН АХМАДЫН БАЯР БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/02

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Иххэт, Дэлгэрэх сумдын ахмадуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор тус сумдын “Ахмадын баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

Тус үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин төрөөс болон орон нутгаас ахмад настнуудын талаар баримталж буй бодлого шийдвэр, Хүн хөгжлийн жилийн хүрээнд хийгдэж буй ажлууд болон орон нутагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Дэлгэрэх сумын ахмадын салбар хороо нь нийт 188 ахмадтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус сумаас жил бүр “Буянтай буурлууд гэр бүл” арга хэмжээг зохион байгуулж байна.

Иххэт сумын ахмадын салбар хорооноос олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан жил бүр төсөвт байгууллагуудын дунд ахмадуудтай хамтран урлагийн тоглолт, эко хоол, даам, шагайн харвааны тэмцээнийг 7 хоногийн хугацаатай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Тус үеэр аймгийн Засаг даргын зүгээс орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бусдыг манлайлж буй ахмадуудад орон нутгаас төрөн гарсан зохиолчид, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор уртын дуучин Б.Батцэцэглэнгийн Шүтээн уран бүтээлийн цомог, Х.Энхтайваны “Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг” зэрэг бүтээлүүдийг гарын бэлэг болгон өглөө.