ИРГЭД УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОРШИН СУУГАА ГАЗРААСАА АВДАГ БОЛНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/22

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг зохицуулагч Г.Пүрэвсүрэн, Мэдээлэл технологийн зөвлөх Н.Батцэрэн, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал болон Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ний дарга Р.Энхбаяр нартай уулзлаа.

Уулзалтаар талууд төслийн хүрээнд 2019 онд Дорноговь аймгийн бүх сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор боллоо. Төслийн санхүүжилтээр Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдыг, орон нутгийн санхүүжилтээр Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумдыг холбохоор тохиролцлоо. Ийнхүү улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор тухайн сумдын иргэд өөрийн оршин суугаа газраас улсын бүртгэлийн үйлчилгээг цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэн түргэн шуурхай шууд авах боломж бүрдэж байна.

“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төсөл нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр улсын бүртгэлийн систем, мэдээллийн санг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготойгоор 2018 оны 02 дугаар сараас хэрэгжиж буй төсөл аж. Төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн 2 дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон бөгөөд Замын-үүд сум холбогдсон байна.