ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/21

1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 27 дугаар чуулганаар жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Үүнээс хойш уг өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон бөгөөд НҮБ-аас 2019 оны Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь устай холбоотой олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Тухайлбал үер, ган гачгийн давтамж ихсэж, гол, ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалдаг. Дэлхий даяар 5 хүн тутмын нэг нь уух цэвэр усны хомсдолтой амьдарч байна. Ус бол экосистемийн нэг хэсэг учраас усны асуудлыг шийдвэрлэхэд байгаль орчныг орхигдуулж болохгүй юм.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Галба-Өөш долоодын говийн усны сав газрын захиргаа болон бусад байгууллагууд хамтран  энэ жилийн Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.