Дорнын говь нутгийн Эрхэм та бүхний амар амгаланг айлтган мэндчилье!
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/30


Дорнын говь нутгийн Эрхэм та бүхний амар амгаланг айлтган мэндчилье!

 

Хорвоогийн хуанли бүтэн эргэж, 2018 он солигдох энэ мөчид амжилт ололт, алдаа оноотой хамт түүх болон үлдэж, Монгол Улсын хөгжлийн нэгэн мөчлөг улирч байна.
Эх орны эдийн засаг өсөлттэй гарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэв. Төр засгийн түвшинд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарах, эдийн засгийг солонгоруулах, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, аж үйлдвэрийг байгуулах зорилтуудыг дэвшүүлэн, шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна. 
Төрийн бодлого орон нутагт зорилттой, басхүү тогтвортой хэрэгжиж, Дорноговь аймагт их бүтээн байгуулалтыг өрнүүлж, Дорноговьчууд бид бүхэн 2018 онд амсхийх завгүй хөдөлмөрлөсөн, амжилт бүтээл арвинтай жил болж өнгөрлөө.
Улсын хэмжээнд нийгмийн өндөр хүлээлттэй, эдийн засагт түлхэц өгөхүйц, өндөр үр ашигтай мега төслүүдээс Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Дорноговь аймгийн Алтанширээ суманд эхэлж, төсөл 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Түүнчлэн, “ногоон” хөгжлийн бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн дөрвөн ч төсөл аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бөгөөд хүлэмжийн хийг бууруулах чухал ач холбогдолтой нар, салхины хоёр цахилгаан станц эрчим хүчээ энэ жилээс түгээж эхлэв.
Цаашид бид бүхэн хийж бүтээснээ улам бэхжүүлж, 2019 онд Дорноговь аймагтаа томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлж, эх орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүд манай аймагт хэрэгжинэ.
Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр, Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүс, Олон улсын тээвэр ложистикийн төв, боомтын өргөтгөл, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, салхи, нарны цахилгаан станцуудын бүтээн байгуулалтууд нь ажлын байр нэмэгдүүлж, нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд бодитой хувь нэмэр оруулах учиртай.
Дорноговьчууд бидний хамгийн том амжилт бол эв эетэй байж, нутгаа гэсэн нэгэн сэтгэлийн үзүүрт нэгдэж чадсаныг энд тодотгоё.
Хөдөлмөрлөж бүтээж яваа нэг нэгнээ дэмжсэн нутгийн олон Та бүхний маань чин итгэл, халуун сэтгэлээр шинэ цагийн Дорноговь хөгжиж, өндийж, өнгө нэмж байгаа юм шүү.
Дорнын говь нутгийн маань бүтээн байгуулалт эх орны өнцөг булан бүрт сайн сайхан мэдээг түгээж, хөдөлмөрлөж яваа хүн бүрийг хурцалж, Та бүхний итгэлд хүч, сэтгэлд илч нэмж байгаа гэдэгт итгэж байна.
Ургах нарны элчийг шингээж, улсынхаа дархан хилийн амар амгаланг оршоож, их хутагтын өв соёлыг нандигнан хадгалах Дорнын говь нутгийн шинэ цагийн хөгжил эгэл ардын ирээдүй. Эх орны дэвшил, нутгийн хөгжлийн төлөө зорьсон бүхнээ бүтээн байгуулж, ханцуй шамлан ажилласан Эрхэм Та нутгийн бахархал.
Ирж буй 2019 ондоо эх орны хөгжил өнгөлөг, амжилт бүтээл арвин, түмэн олон амар амгалан байж, есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. 
Төрөлх нутаг минь өнгөжин, эх орон маань өөдлөн дэвших ерөөлийг өргөе.

 

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН

 

ШИНЭ МЭДЭЭ