ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2018 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/28

 

 

1.      2018 ОНЫГ “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА.

Дорноговь аймгаас 2018 оныг иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бүтээн байгуулалт”-ын жилийн ажлыг 2018 онд үргэлжлүүлэхээр зорилтод жил болгон зарласан.

Зорилтод жилийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хувийн хэвшлийн 38,8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ бүтээн байгуулалт болон өргөтгөл, засварын нийт 67 бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Тухайлбал:

·         Даланжаргалан суманд 75, Сайншанд суманд 100, Сайншанд сумын Зүүнбаян багт 50, Замын-Үүд суманд 100 хүүхдийн цэцэрлэг,

·         Мандах суманд 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр,

·         Сайншанд сумын 1, 2, 7 дугаар багуудын Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв, 3, 6-р багт нийтийн халуун усны газар, Авто тээврийн төв буудал, Усан спорт сургалтын төв,  Гэр бүлийн талбай,

·         Айраг, Замын-Үүд, Эрдэнэ суманд Замын цагдаагийн хяналтын цэг,

·         Замын-Үүд суманд 500 хүний суудалтай соёл, спортын цогцолбор, Мандах наран 284 айлын орон сууцны хорооллыг тус тус ашиглалтад орууллаа.

Мөн зарим сумдын Соёлын төв, сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, нийтийн орон сууцнуудын дээврийг засварлан шинэчлэлээ.

Томоохон худалдааны төвүүд болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчны тохижилт, авто зогсоолыг шинээр хийснээр аймгийн төвийн хэмжээнд авто зогсоол 2017 онтой харьцуулахад 90%-иар нэмэгдсэн.

2.  СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, ГОВИЙН ТАВДУГААР НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫГ НИЙТ АРД ИРГЭДТЭЙГЭЭ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ жил тохиож, 2018 оны 07 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорноговь аймгийн нийт ард иргэдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, ойн баяр наадмын өдрүүдэд 110 мянга гаруй иргэн Дорноговь аймгийг зорин ирсэн байна.

Ойн баяр наадмыг Оюуны бүтээл туурвих, соён гэгээрүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болон Ойн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн гурван чиглэлээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Оюуны бүтээл туурвих, соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд "Данзанравжаа-215 шонхор кросс" автомашины уралдаан, "1000 даамчдын олон хотын нээлттэй тэмцээн",  Монгол Улсын Гавьяат багш У.Доёдын нэрэмжит "Математикийн улсын 54-р олимпиад",  Сумдын урлаг соёлын "Алтан микрофон" наадам, "Үлэмжийн чанар" олон улсын дуучдын уралдаан, "Равжаа хутагтыг хэн сайн мэдэх вэ?" зохион бичлэгийн уралдаан, Равжаа судлал эрдэм шинжилгээний хурал, Яруу найргийн наадам, Хатанбулаг, Мандах, Зүүнбаянд "Саран Хөхөө" театрын өдөрлөгийг зохион байгуулж, улс, аймаг, нийслэлийн уран бүтээлчид оролцлоо.

Дорноговь аймгаас төрөн гарсан зохиолчид, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах, тэдгээрийг дэмжин ажиллах зорилгоор Б.Догмидын “Туулайн тал”,  Ш.Гүрбазарын “Бодь гөрөөсний зүүд”, А.Шартолгойн “Ноён гэгээний  тууж” боть, Х.Энхтайваны “Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг” зэрэг бүтээлүүдийг худалдан авч, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг номын сан болон зарим ЕБС-ын номын сангуудад өглөө.

Дорноговь аймгийн уугуул, уртын дуучин Б.Батцэцэглэнгийн “Шүтээн цомог”, Ихэр хөөмийч М.Алтанцоож, М.Мөнгөнцоож нарын "Миний сайхан нутаг" дууны клип хийхэд орон нутгаас дэмжлэг үзүүлж, сурталчиллаа.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Саран хөхөө театр, Музей, сургалт судалгааны төв, Ноён хутагтын музейн их засвар, Ханбаянзүрх хайрханы сүмийн засвар, Саран хөхөө театрын тоног төхөөрөмж, хөгжмийн шинэчлэл, Хан баян зүрх, Хамарын хийд чиглэлийн гурван замын уулзварт Хилэнцийн хөшөөний тохижууллаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, шинэчлэл, цэнгэлдэх хүрээлэн хүртэлх 2,3 км авто замыг шинээр ашиглалтад оруулж, ойн баяр наадмын өмнө бүтээн байгуулалтын ажлуудыг ашиглалтад орууллаа.

Дорноговь аймгийн нийт 20884 өрхөд Говийн V дүрийн ноён хутагтын лагшин дүрийг ойн бэлэг болгон өгч, нийт ард түмэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлснээр өмнөх ойн баяр наадмуудаас онцлог болсон  юм.

3. УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН ОЛОЛТ, АМЖИЛТ

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө  нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласны үр дүнд  2018 онд Тив, Дэлхий, Олон улс, Монгол улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 192 медаль хүртэж, тамирчдын амжилт, медалийн чанар өмнөх оноос 13%-иар өссөн амжилттай байна.

2018 онд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах чиглэлээр 13 спортын холбоо, баг, тамирчдад  нийт 74,5  төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Мөн Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 12 спортын холбоодтой хамтран 2018 онд аймгийн аварга шалгаруулах 50 гаруй тэмцээн зохион байгуулсан бол улс, бүсийн чанартай 5 тэмцээн зохион байгууллаа.

Үүнд: Ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн үеийн Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнЗүүн бүсийн аварга шалгаруулах идэрчүүдийн Волейболын тэмцээн, Төвийн болон зүүн бүсийн аймгуудын “Хонхот бөмбөг”-ийн тэмцээнОлон хотын 1000 даамчдын нээлттэй тэмцээнДорноговь аймгийн нутгийн зөвлөлГовьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хот дахь тус аймгуудын оюутан залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээнМонгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын их наадам”-ыг 14 суманд анхан шат, аймгийн хэмжээнд шигшээ тэмцээнийг зохион байгууллаа.

Орон нутгаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр аймагтаа “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өв тээгчдийн ардын урлагийн их наадмын 1-р шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, улсын биет бус өвийн билэг авьяастны бүртгэлд 2 ардын авьяастан бүртгүүллээ.

Мөн Монголын урлагийн ажилтны холбоотой хамтран орон нутгийн театруудын дунд Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл 2018” говийн бүсийн аймгуудын үзлэгт уралдааныг  амжилттай зохион байгуулж, ”Саран хөхөө” театрын туурвисан У.Шекспирийн зохиол “Лир ван” жүжиг бүтээлээрээ Гранпри шагналын эзэн боллоо.

4. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХҮЙЦ УЛСЫН ЧАНАРТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Дорноговь аймаг нь авто зам болон төмөр замын дэд бүтцийн сүлжээ хөгжсөн, ашигт малтмалын арвин их баялаг нөөцтэй, гадаад зах зээлд ойр зэрэг давуу талуудаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж, эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвар дээшлүүлсний үндсэн дээр аймгийн эдийн засгийн өсөлт урд оны мөн үеийнхээс 9,1 хувиар нэмэгдэж, уул уурхайн үйлдвэрлэл эрчимжин, бүтээгдэхүүний борлуулалт, экспортоо нэмэгдүүллээ.

2017-2018 онуудыг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, шинээр томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, Бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг дотоод, гадаадын нийт 2,9 их наяд төгрөгийн томоохон төслүүд тус аймгийн нутаг дэвсгэрт амжилттай хэрэгжүүлж байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц эдгээр төслүүдийн үр өгөөжийг хүн бүр хүртэж, аймаг маань улам цогцлон хөгжиж байна.

5. МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ САЙНШАНД САЛХИН ПАРК АШИГЛАЛТАД ОРЛОО

Монголын хамгийн том “Сайншанд салхин парк” Дорноговь аймагт байгуулагдлаа.

Сайншандын салхин цахилгаан станцын төслийг “Сайншанд салхин парк” ХХК нь 2017 оны 8 дугаар сард барилга угсралтын ажил эхлүүлж, эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторууд суурилуулалтын ажлыг дуусгаж, 2018 оны 09-р сард ашиглалтад орууллаа. Төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтад орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэж, 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

6. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ПРОФЕССОР У.ДОЁДЫН НЭРЭМЖИТ УЛСЫН МАТЕМАТИКИЙН 54-Р ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Гавьяат багш У.Доёдын нэрэмжит Улсын Математикийн 54 дүгээр олимпиадыг 2018 оны 05 дугаар сард зохион байгуулж, олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй багш, сурагчид оролцлоо.

Олимпиадын хүрээнд Сайншанд сумын ЕБ-ын 1, 2, 3, 5-р сургууль, Замын-Үүд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийг Математикийн жишиг кабинеттай боллоо.

.7. “МАНДАХ НАРАН”  1000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангана” гэж тусгагдсаны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар “Гантулга трейд” ХХК Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын  орон сууцыг 2017 онд ашиглалтад оруулсан.

Тус хөтөлбөрийн үргэлжлэл болох Замын-Үүд суман дахь 630 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний төв, дулаан авто граж, зогсоол бүхий 284 айлын орон сууцыг “Гантулга трейд” ХХК гүйцэтгэж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад орууллаа.

Мөн Сайншанд сумын 3 дугаар багт 216 айлын орон сууцны барилгын ажил  /48*2ш, 60 айл*2ш/  85 хувийн гүйцэтгэлтэй, 7 дугаар багт баригдаж буй 288 айлын орон сууцны барилга угсралтын ажил  /72*4ш/ 50 хувьтай явагдаж байна.

8. ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН-2018 АРГА ХЭМЖЭЭГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, дэмжин хөгжүүлэх, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах урмыг сэргээх зорилгоор “ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН” арга хэмжээг аймагтаа анх удаа зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол улсын Гавьяат эмч нар болон эрүүл мэндийн салбарын үе үеийн 800 гаруй эмч, ажилтнууд оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

9. Хариуцлагатай уул уурхай

           Уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2016 оноос эхлэн “Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” сэдэвт уул уурхайн зөвлөгөөнийг 3 дахь жилдээ зохион байгуулж, 2018 онд уул уурхайн ашиглалтын 56 компанитай “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.

Гэрээний үр дүнд 17 аж ахуйн нэгж орон нутгийн 481 иргэнийг ажлын байраар хангасан нь өмнөх оны мөн үеэс 35.1%- иар өссөн байна.

                 Уул уурхайн 102 (давхардсан тоогоор) компаниас ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмал, ус ашигласны төлбөрийн нийт 2.6 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн нь өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

             Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, компаниудаас 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үр дүнд Сайншанд суманд гэр бүлийн талбай, Сайншанд сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн гадна 3х3 стандарт сагсан бөмбөгийн талбай, Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг, Даланжаргалан суманд 75 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн спорт заалны барилга, Айраг сумын наадмын талбай, Алтанширээ сумын ЗДТГ, Дэлгэрэх сумын Соёл спортын цогцолбор, Хатанбулаг сумын Соёлын төвийн их засварын ажлуудын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Мөн 2018 онд нийт 7 сумын 29,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 13.07 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгэн ажиллаа.

10. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 8 БАЙРААР АХИСАН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.

        Ерөнхий боловсролын чанарын үр өгөөжийг нэмэгдүүлэх,  багш нарыг чадваржуулах, сурагчдын сурлагын чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлэх зорилгоор "Дорноговийн боловсрол" хэлэлцүүлгийг сургуулийн удирдлага, багш, эцэг, эх, сурагчдын нийт 346 төлөөллийг хамруулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр боловсролын чанар үр дүн, багшийн ёс зүй харилцаа, багшийн нийгмийн асуудлууд, эцэг эхийн үүрэг оролцоо болон ЕБС-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэсэн.

            Багш нарын мэргэжил, ур чадвар, арга зүйг дээшлүүлэх чиглэлээр СӨБ, ЕБС-ийн багш, удирдах ажилтнуудын дунд 32 удаагийн сургалтыг нийт 3000 гаруй багш, “Шинэ Монгол” сургуультай хамтран “ЭЕШ-нд бэлтгэх”, “Сургуулийн менежментийг сайжруулах арга зүй” зэрэг сургалтыг 130 гаруй багшийг хамруулан зохион байгуулсан байна.

 Мөн 11 багш “Шинэ Монгол” сургуульд давтан сургалтад хамрагдаж, туршлага судлан ирээд 300 гаруй багшид 2 удаагийн сургалтаар элсэлтийн ерөнхий шалтгалтад бэлтгэх чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Дээрх үйл ажиллагааны үр дүнд багш нарын заах арга, ур чадвар дээшлэн, сурагчдын сурлагын чанар сайжирч, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр өмнөх хичээлийн жилээс 8 байраар ахин, улсын  хэмжээнд 5-р байрт орсон амжилт үзүүллээ.

Аймгийн Засаг даргын зүгээс элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 3 сурагч, 3 багшийг нийт 4,5 сая төгрөгөөр урамшуулаад байна.

 


ШИНЭ МЭДЭЭ