ГУРВАН УЛСЫН “ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ЗАМ БА ХОТУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/30

Монгол, Орос, Хятад гурван улсын “Түмэн газрын цайны зам” дагуух хотуудыг хөгжүүлэх, худалдааны эргэлтийг хурдасгах, аялал жуулчлалын холбоо байгуулан нягт хамтран ажиллах, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын өвийг сурталчлан таниулах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хамтын ажиллагааны хурал 2018 оны 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Хунан мужид боллоо.

Тус хуралд Монгол Улсаас цайны зам дагуух Архангай, Дорноговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нар оролцож, Монгол улсыг төлөөлж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин илтгэл тавилаа.

Тэрээр “БНХАУ-ын санаачилсан Торгоны зам, Монгол улсын Талын зам, ОХУ-ын Европ Азийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх, эх газрын гүүр дагуух бүс нутгийн эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор “Түмэн газрын цайны зам”-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж бидний хувьд үзэж байна. 

Дорноговь аймгийн хувьд  БНХАУ болон ОХУ–ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр зам, авто зам дайран өнгөрч, Монгол Улсын нийт худалдаа эргэлт, бараа тээврийн ачааны  60 хувь нь манай аймгийн нутгаар тээвэрлэгдэж байна. БНХАУ-ын олон аймаг, хоттой хил залган оршдог байнгын ажиллагаатай 2 хилийн боомттой аймгийн хувьд БНХАУ-тай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дөхөм байсаар ирсэн. Мөн ОХУ–н Эрхүү мужтай харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжүүлэхээр яриа хэлэлцээр хийж, уулзалт зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч тус улстай харилцах хамтын ажиллагаа өргөжсөөр байна.

Гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Ханги-Мандал боомт хүртэлх төмөр зам байгуулах ажил Монгол Улсын ИХ-ын чуулганаар дэмжигдэн 2019 оноос ажил нь эхлэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны зам, Сайншанд-Ханги-Мандал авто замын ажлууд шил шилээ даран хийгдэхээр хүлээгдэж байна.

Түмэн газрын цайны замаар дамжуулан Монгол, Хятад, Орос 3 үндэстэн хоорондын соёл, ёс заншлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг өргөжүүлэхийг зорьж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд Дорноговь аймаг өөрийн давуу тал болох зам харилцааг түшиглэн аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байна.

Өөрийн нутгийн аялал жуулчлалын 3 гол маршрут дээр төвлөрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор хөрш БНХАУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллаж Эрээн хот, Дархан Муу Мянган холбоот Хошуу, Бугат хот, Шилийн гол муж хотуудтай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна. Санамж бичгийн хүрээнд бүлэг жуулчдад визийн төлбөрт хөнгөлт үзүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зэргээр аялал жуулчлалын таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Цаашид бусад муж хотуудтай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье. 

“Түмэн газрын цайны зам”- ын хөгжил бүхий л талаар гурван улсын ард иргэдэд  үр ашиг, өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.” гэв.