БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛЫГ БАРИЛГЫН НОРМ НОРМАТИВ, СТАНДАРТЫН ДАГУУ ТҮРГЭН ШУУРХАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/13

Аймгийн Засаг Т.Энхтүвшин 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа зарим барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад “Миний Сайншанд” ХХК, “Чандмань-Илч” ОНӨ ХХК, “Энержи паргон” ХХК, “Өгөөмөр шанд” ХХК, “Тобем” ХХК, “Агар Эрдэнэс” ХХК, “Айсуй хөгжил” ХХК, “Хорго” ХХК, “Зэс орд” ХХК, “Дэлгэр баясах” ХХК, “Тольт дэнлүү” ХХК, “Бэмэс” ХХК, “Гантулга Трейд ХХК”, “Дорноговь АЗЗА” ХХК зэрэг компанийн төлөөллүүдтэй уулзлаа.

Аймгийн хэмжээнд Замын-Үүд суманд 500 хүний суудалтай Спорт цогцолбор, Сайншанд сумын 3, 6-р багт нийтийн халуун усны барилга, Сайншанд сумын 1, 2, 7-р багийн хөгжлийн төв, Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлэг, Мандах наран хорооллын 2, 3, 4-р ээлжийн орон сууц, хуучны орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, фасадны засвар, Иххэт сумын ЕБ-ын сургуулийн их засвар, Алтанширээ сумын Соёлын төвийн их засвар, Мандах сумын 50 ортой хүүхдийн дотуур байр болон бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Аймгийн Засаг Т.Энхтүвшин бүтээн байгуулалтуудын барилгын ажлыг барилгын норм норматив, стандартын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж, ирэх арван нэгдүгээр сар гэхэд барилгын ажлуудаа дуусгахыг үүрэг болголоо.