Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/01


Аймгийн Засаг даргын Тамгын газраас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн "Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Дорноговь аймагт хоёр дахь удаагаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, зарим сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагчид болон бичил уурхай эрхлэгч 60 гаруй иргэн оролцож, бичил уурхай эрхлэгчдийн талаар төрөөс баримталж буй бодлого, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт болоод цаашид бичил уурхай эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажиллах санал харилцан санал солилцсон юм.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ “Дорноговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Эрдэнэ суманд 10 нөхөрлөл, Айраг суманд 5 нөхөрлөл, Сайхандулаан суманд 1 нөхөрлөл журмын дагуу байгуулан 76,38 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 145 иргэн бичил уурхай эрхлэж байна.

Аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 416 цэгт 89,27 га газар эвдрэлд орсон.

Бичил уурхай эрхлэгчид нь нийгмийн даатгалын шимтгэлээ орон нутагт төлөх, хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллах, ингэснээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх, байгаль орчин сөрөг нөлөөгүй ажиллах, нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөлүүдтэй хариуцлага тооцож ажиллах, газрын хэвлийг хууль бусаар хөндөхгүй байх, хөндсөн тохиолдолд хатуу хариуцлага тооцож ажиллана.

2019 онд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болоод холбогдох хяналт шалгалтын байгууллагатай хамтран бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, зөрчил дутагдлыг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно.

Хууль дүрмийн дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайчдыг дэмжиж ажиллана. Харин ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцалж, хуулийн хариуцлага тооцож ажиллана.” гэв.