ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 гаруй жилийн хугацаанд олон салбарт өргөн хүрээтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн билээ.
Хоёр улсын харилцааг орон нутгийн түвшинд улам гүнзгийрүүлэх чиглэлээр Дорноговь аймаг 2011 оноос хойш Япон Улсын Шизуока мужтай хамтран ажиллаж, дэд бүтэц, боловсрол, соёл, эрүүл мэнд, мэргэжилтэн солилцоо зэрэг олон чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр байна.
Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилга засвар, тохижилтын ажил эхэлж, сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх, орон нутагт боловсролын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэх юм.
Мөн айлчлалын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару “Дорноговь аймаг болон Шизуока мужийн найрамдалт харилцаа хоёр орны иргэдийн нөхөрлөлийг бататган, хүүхэд залуусын ирээдүйд хөрөнгө оруулж буйд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн удирдлагууд Япон Улсын Засгийн газар болон ард түмний дэмжлэгт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ