ТУЛГАР ТӨРИЙН 2234, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 819, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 114, АРДЫН ХУВЬСГАЛЫН 104 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН БАГ, ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Биеийн тамир, спортын тухай хууль, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Биеийн тамир, спортын зорилтын хүрээнд аймаг, орон нутгийнхаа нэрийг улсад цуурайтуулан, спортын өндөр амжилт гаргасан баг, тамирчидыг урамшуулан, шигшээ багийг дэмжин ажиллаж байна.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж тав давж Монгол Улсын начин цолын болзол хангасан билээ.
Дорноговь аймгаас өмнө жилүүдэд Сайхандулаан сумын харьяат Монгол Улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, Улсын заан Т.Сүрэнжав, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Монгол улсын начин Жадамбаагийн Одсүрэн, Мандах сумын харьяат, улсын начин А.Хатансайхан, Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацабшир болон 2025 онд Айраг сумын харьяат, улсын начин М.Бямбадорж нар тус тус улсын цол хүртсэн байна.
Мөн 2025 оны Үндэсний их баяр наадмын Үндэсний шагайн харваанд 74 багийн 600 гаруй харваач өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Баатарсүрэнгийн Наранбаатар ахлагчтай "Номт даншиг” ХХК-ийн баг харваачид дэд байрт шалгарлаа.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн харваачдын 9-11 насны ангилалд Замын-Үүд сумын харьяат Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн суралцагч “Тод мэргэн, шилмэл сум” үндэсний сурын холбооны харваач Үүрцайхын Маргад 420 харваачидтай цэц мэргэнээ сорин дэд байр эзэлсэн.
