МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

       Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж байна. 

БООМТЫН ШИНЭЧЛЭЛ, ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

     Замын-Үүд  сумын хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа. Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгасан юм. Тодруулбал, Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах, Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах, Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж  Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.

ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 30 ХОНОГИЙН ҮҮРЭГ ӨГЛӨӨ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарахыг тэд хүслээ. Ерөнхий сайд тэдний саналыг сонсож, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд боомтод үүсээд буй асуудлууд болон та бүхний тавьсан саналыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гарна гэдгийг жолооч нарт хэллээ. Мөн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэв.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр,  засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөврийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барих аж. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ. Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ. Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө  гэж  гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг онцоллоо.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ