"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2026" ТЭМЭЭЧДИЙН БАЯРЫГ МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ХҮРЭЭТИЙН НЭРЭМЖИТ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА

      Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт нь Дорноговь аймгаас тэмээн сүргийг голчлон өсгөн үржүүлж, анх удаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн анхны тэмээчин юм. Тэрбээр Мандах суманд 1956 онд “Социализмын зам“ нэгдлийг үүсгэн байгуулалцан мал нийгэмчлэх ажилд хошуучлан оролцож, 1959 онд нэгдлийнхээ 141 тэмээг өсгөн үржүүлэхээр хүлээн авч 15 жилийн хугацаанд 1000 хүргэхээр социалист уралдаанд үүрэг авсан байна. Тэрбээр 1969 он гэхэд авсан үүрэг, амлалтаа 2 жилийн өмнө давуулан биелүүлж 1004 тэмээтэй болсон байлаа. Түүнчлэн 1957 онд Дорноговь аймгийн сайн малчин, 1961 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагджээ.
     Үүний зэрэгцээ түүний шаргуу хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас “ одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль, Тэргүүний “Ажилчин залуу” алтан медаль, Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн медаль зэргээр тус тус шагнасан байна.                                     

     Энэхүү тэмээчдийн баярыг Дорноговь аймаг 2005, 2008, 2010, 2012, 2023, 2025 онуудад аймаг, бүсийн хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулсан байдаг. Өдгөө тус арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон тэмээн сүргийн сүр жавхаа, тэмээчдийн яруу алдар, хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах тэмээчдийн баярыг зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой. Түүнчлэн энэ жилийн "Их говийн тэмээ-2026" тэмээчдийн баярыг МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Хүрээтийн нэрэмжит болгон 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймгийн аялал жуулчлалын томоохон бүс болох хүслийн уул "Хан Баянзүрх" хайрхан, Хамарын хийдийн 3 замын уулзварт зохион байгуулна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ