МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал болсон юм.
Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар манай улс нийгэм, эдийн засгийн олон ололтыг бий болгосон төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байхыг хангаж өгсөн юм.
Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр Монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон юм. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэхүү түүхэн үйл явдал нь Монголын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн юм.
МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ НИЙТ ДОРНОГОВЬЧУУД ТА БҮХЭНДЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
