ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр улс даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд аймгийн 16 нас хүрч байгаа Сайншанд сумын төвийн 5 сургуулийн 80 хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мөнхцэцэг, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Ш.Алимаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Түвшинжаргал нар оролцогч хүүхдүүдэд батламж, дурсгалын зүйл гардуулан өгөв.
Аймгийн Засаг дарга О.Батжаргал Иргэний андгай өргөх сурагч хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ энэхүү түүхэн чухал өдрийн үр шимээр өнөөдөр Монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоож бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь тавигдсан талаар мэдээлэл өглөө.
