ИТХ-ЫН БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй асуудлуудаар хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн төсөв төлөвлөгөө, бодлого чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн бие даасан байгууллага болж бүрэн эрхээ хэрэгжүүлээд 26 жил болж байна. Даланжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анхны төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 1992 оны 3 дугаар сарын 01-ны өдөр хуралдуулсан байдаг. Түүнээс хойш буюу 1992-2016 оны хооронд давхардсан тоогоор 126 төлөөлөгч сонгогдон ажилласан байна.
2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд сонгууль үүргээ хэрэгжүүлэхээр Монгол Ардын намаас сонгогдсон 11, Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгч ажиллаж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй бөгөөд үүний 13 нь эрэгтэй төлөөлөгч, 8 нь эмэгтэй төлөөлөгч байна. Мөн Дээд боловсролтой 9, Тусгай дунд боловсролтой 4, Бүрэн дунд боловсролтой 6, Бүрэн бус дунд боловсролтой төлөөлөгч 2 сонгогдсон байна. Төлөөлөгчдийн дотроос хамгийн ахмад нь 59 настай, хамгийн залуу нь 28 настай байна.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 7 тэргүүлэгчтэй бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр ахлуулсан “Эдийн засгийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг”, “ Нийгмийн дэг журам сахиулах ажлын хэсэг”, “Хүн ам зүй, эрүүл мэнд, үйлчилгээний асуудал эрхэлсэн ажлын хэсэг”, “ Нийгэм, Соёлын асуудал эрхэлсэн ажлын хэсэг”, “ХАА, Байгаль орчин, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн ажлын хэсэг” гэсэн 5 ажлын хэсэг ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар болон багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээлэл хүргэж ажиллахаас гадна ИТХ-ын байгууллагын дотоод ажлыг холбогдох хууль, журам, дүрэмд нийцүүлэн зохион байгуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичгийг боловсруулан ажилладаг. Сумын ИТХ-ын ажлын алба нь ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой. Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ч.Соёл-Ундрах ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь үндсэн үүргээсээ гадна Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл, Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комиссын анхан шатны, салбар нэгжийн үүргийг гүйцэтгэж, чиглэл тус бүрээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг орон нутагт удирдан зохион байгуулах үүрэг хүлээдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн сургалт сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагаагааг сумын хэмжээнд удирдан чиглүүлдэг юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн төлөөллийн байгууллагын хувьд иргэдийн оролцоог хангах нь үйл ажиллагааны эрхэм зорилго байх ёстой. Тиймээс өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг www.dalanjargalan.khural.mn цахим хуудас болон www.facebook.com-ИРГЭДИЙН ОРОЛЦОО байгууллагын хаягаараа олон нийтэд мэдээлэлдэг.
