ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ЗДТГ-ЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
Ардын хувьсгалын ялалтын дараахан буюу 1924 онд нутгийн захиргаадыг байгуулж эхлэх тэрхүү цаг дор БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн 5-р тогтоолоор Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд тус сумыг Даланжаргалан нэртэйгээр байгуулсан билээ. Энэхүү түүхэн шийдвэр нь одоогийн нутгийн захиргааны байгууллага Сумын Засаг даргын Тамгын газрын анхны суурь тавигдсан ба эдүгээ 95 жилийн буурал түүхийг бүтээжээ.
1931 онд Дорноговь аймаг байгуулагдахад энэ аймагт харьяалагдсан түүхээс харвал тус сумын төрийн захиргааны байгууллага аймгийнхаа анхны төрийн захиргааны байгууллагын нэг болно.
Сумын ЗДТГ-ын чиг үүрэг зорилго, бүхэлдээ иргэнд үйлчлэх, туслалцаа үзүүлэх тэдгээийн ая тухтай амьдрах ажиллах нөхцлийг бүрэлдүүлж, ажиллах үндсэн чиг үүрэгтэй болсон ба энэ үндсэн чиг үүрэг зорилгоо тус сумын ЗДТГ-ын хамт олон чин үнэнчээр биелүүлж ирсэн ба цаашид ч энэ зарчмаас ухрахгүй.
Сумын ЗДТГ нь Засаг дарга, түүний орлогч, Багийн Засаг дарга, Тамгын газрын дарга, Хууль зүй, нийгмийн бодлого, байгаль орчны бодлогын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн сан, 2010 онд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, үйлчилгээний гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус байгууллагын бүтцэд татвар, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн мэргэжилтэн нар тус тус төрийн албан хаагчид харьяалагдан нийт 33 ажилчин албан хаагчтай бөгөөд эдгээрийн 7 улс төрийн, 11 төрийн захиргааны, 8 төрийн үйлчилгээний, 3 гэрээт албан хаагчид байна.
Тус байгууллагын хамт олны дотор хуульч, багш, экологич, малын эмч, эдийн засагч, ня-бо, газар зохион байгуулагч, малын их эмч, зэрэг бакалавраас магистрын дээд боловсролтой боловсон хүчнүүд нийт ажиллагчдын 65,2 хувийг эзэлж байна.
