ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
Даланжаргалан сум Ардын хувьсгалын ялалтын дараахан нутгийн захиргаадыг байгуулахад Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн V тогтоолоор “Даланжаргалан сум” нэртэйгээр Боржигон Цэцэн вангийн хошууны нутаг "Элдэв" хэмээх газарт байгуулагдсан юм.
Сумын анхны даргаар Шар хэмээх Дашдэндэв сонгогдон ажиллажээ. 1931 онд Дорноговь аймгийг байгуулахад тус аймагт харьяалагдан 1957 онд одоогийн төвлөрч байгаа Цомог хэмээх газарт суурьшсан байна.
Тус сум 404.5 мян.га газар нутагтай, нутгийнхаа баруун болон хойд талаараа Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудтай, бусад талаараа өөрийн аймгийн Айраг, Иххэт сумдтай хиллэн оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Сайншанд сумаас 156 км-т төвлөрдөг.
Даланжаргалан сум нь засаг захиргааны анхан шатны Элдэв, Өнгөт, Бичигт, Цомог, Олон-Овоо гэсэн 5 нэгжтэй, 2985 хүн амтай, 980 өрхтэй, 176289 мян.толгой малтай,үүнээс тэргүүлж байгаа нь 92304 хоньтой, эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар цоо шинээр үүсэн хөгжиж байна. Сумын нутаг дэвсгэрээр Монгол орныг дамжин Ази Европ тивийг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг төдийгүй, их хөлийн газар юм.
Тус суманд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, 300 гаруй сурагчидтай 9 жилийн болон бага сургууль, эрүүл мэндийн төв, 143 хүүхэдтэй “Номт ирээдүй” цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, Сүгмэл эм эргэлтийн сан, Зэвсэгт хүчний 281-р байгууламж зэрэг төрийн байгууллагууд, Боржгинтуяа хоршоо, Чандмана түрүү хоршоо, хувийн хэвшлийн Их жаргалан трейд, Говь оюу уул, Их голын говь, НИК, Чулуутдаваа, Дэлгэрэх-Уран-Эрдэнэ, Тэгшбаярлах, Даланчандмана, Мишээл арвижих, Налгархайрхан, Даланжаргалан оюу зэрэг ХХК-ууд, Эндвет ЗБН, Түмэнсүрэгмэндсайхан, АМАНА зэрэг ХХК-ууд хувийн мал эмнэлгүүд, Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа, ХААН болон Төрийн банкууд, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо, ҮЭХолбоо, МАН-ын хороо, Ардчилсан намын хороо зэрэг ТББ-ууд, УБТЗ-ын харъяа Цомог, Олон-Овоо, Өлзийт зөрлөгүүд, Чулуун заводын үйлдвэр, МАК ХХК-ны “Элдэвийн нүүрсний уурхай”, Хагас коксын үйлдвэр, Өндөр буянт, Гермесгахиур, МАК ХХК-уудын Цементийн үйлдвэрийн төслүүд, Эко Хэлхээ ХХК-ны жонш баяжуулах үйлдвэр, нүүрс олборлож буй Чингэсийн хар алт, Штайнколе, Пауэрленд ХХК-ууд, төмрийн хүдэр олборлох МГМК ХХК, жонш олборлох Талст дөл, Тэнүүн байгаль ХХК зэрэг албан байгууллага, ААН-үүд, ХХК-ууд байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Даланжаргалан сум усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд зэрэг ашигт малтмал элбэгтэй.
Даланжаргалан сум нь: Улсын аварга малчин- 3 Ш.Бат-Очир, Г.Ичинхорлоо, Г.Бямба
Улсын аварга тууварчин -1 Г.Тогтохжаргал
Аймгийн аварга малчин-25
Аймгийн алдарт уяач- 10
Сумын алдарт уяач – 30гаруй
Сумын мянгат малчин- 43
Сумын аварга малчин- 56
