АЛТАНШИРЭЭ СУМЫН БАГУУД: Тус сум нь Тойг, Зараа, Хаяа, Чулуунгишгэр гэсэн 4 багтай.
ТОЙГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь 1920-иод оны сүүлээр одоогийн Тойгийн овооны энгэрт “ Цоохор” хэмээх Адилбиш даргатай Дорноговь аймгийн Дэлгэрхэт сум гэж байгуулагдсан түүхтэй. Дэлгэрхэт сум Ишийн Гунгаа даргатай “Ялалтын зам” нэгдэл байх үед улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан 1959 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Саруул зам” нэгдлийн 1-р бригад болсон түүхтэй. 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гарч тус сумын 1-р баг болон түүнээс хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд багийн даргаар И.Гунгаа, С.Довдондорж, Д.Иш-Цэен, Б.Ишзана, Б.Бадарчин, Ж.Энэбиш, Д.Улаанхүү, Г.Чулуунбаатар, Б.Баатар, Ц.Алтантуяа, М.Баасанжав, Н.Бүрэнжаргал, Н.Баярсайхан нар, багийн ИНХурлын даргаар Г.Чулуунбаатар, Ж.Цэрмаа, Б.Баярцэцэг Н.Сарангоо, Ч.Сувданчимэг Н.Сарангоо нар удирдан жолоодож өнөөгийн бидэнд түүчээлэн хүргэж ирсэн билээ. Багийн малын үүлдэр угсааны хувьд Байдраг, Торгуудын эрлийз хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, өөрийн сум болон Галсан банди, Тайж, Галшар, онгой Адилбиш зэрэг хурдан удмын адууны угшилтай. Газар нутгийн хувьд өөрийн нутгийн Хаяа, Зараа баг, Дэлгэрэх, Галшар, Их-хэт, Айраг зэрэг сумдтай хиллэдэг. Тус баг нь сумын төвөөс хойш 32 км-т оршдог бөгөөд говь хээр хосолсон цаг уурын эрс тэс уур амьсгалтай бүсэд багтана. Багийн ихэнх нутагт хүмүүл, таана, хялгана, агь, бүднүүр, бударгана, гашуун, божмог, үхэр шүлхий, хазаар хиаг зэрэг ургамал, гүйлс, хайлс зэрэг модлог ургамал, ан амьтдаас үнэг, чоно, туулай, хярс, мануул, дорго, хар сүүлт, цагаан зээр, тарвага, жигүүртэн төрлөөс ногтруу, бор шувуу, талын тас, эдлэг шонхор, харцага зэрэг шувууд элбэг байдаг. Манай багт “Хайлсан шандны төгөл”, “Ширийн чулуу”, “Сэнжит хад”, “Эрдэнэцогт”, “Зэл чулуу”, “Цээлийн тогоо” зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байхаас гадна хүрэн нүүрс, чулуужсан мод, хайлуур жонш, газрын тос зэрэг байгалийн баялагтай.
Манай багаас: Монгол улсын аварга малчин 2, Монгол улсын алдарт уяач 2, их говийн зоригтон 1, аймгийн сайн малчин 13, аймгийн алдарт уяач 6, мянгат малчин 17, аймгийн заан 1 сумын заан 4, сумын начин 3, сумын сайн 22 зэрэг алдартнуут төрөн гарсан байна. Тус баг нь 2018 онд тэмээ-197, адуу-2753, үхэр-1846, хонь-28099, ямаа-13235 нийт 46130 толгой мал тоолуулсан байна. Одоогоор тус баг нь 408 хүн амтай.
ЗАРАА БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь Алтанширээ сум анх байгуулагдахад үүссэн бөгөөд 1959-1992 он хүртэл “Саруул зам” нэгдлийн 2-р бригад, Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гарч 1992 оноос тус сумын 2 дугаар баг болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тус баг нь сумын төвөөс зүүн урагш 23 км зайд оршдог.
Нийт 104 өрхийн 296 хүн амтай. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 32260 толгой мал тоологдсоноос тэмээ 122, адуу 2066, үхэр 1043, хонь 16967, ямаа 12062 толгой мал байна.
Манай багаас төрөн гарсан алдартнууд: Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Б.Догмид, МУ-ын хүний гавъяат эмч Б.Хэнмэдхэв, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамъяан, МУ-ын хошой аварга малчин Н.Лувсансэнгэ, МУ-ын аварга малчин Д.Наваан-Осор, Ц.Чойжамц, Д.Аюурзана, Я.Лувсаншарав, МУ-ын аварга мэргэжилтэн Г.Бавуудорж, МУ-ын сайн малчин Д.Цэдэвдорж, аймгийн сайн малчин 9, сумын сайн малчин 10 байна.
ХАЯА БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус баг нь анх 1939 онд Засаг захиргааны зохион байгуулалтаар сумын төвөөс баруун урагш 1,5 дугаар багуудыг байгуулан хувийн мал аж ахуй эрхэлсэн 60 гаруй өрх хамруулан байгуулагдаж байсан.
1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу “САЙН БУЛАН” гэдэг газар тус сумын 3-р баг болон байгуулагдсан. Одоо 130 өрхийн 366 хүн амтай, 270 га газар нутагтай.
Тус баг нь 56165 мянган толгой малтай үүнээс 235 тэмээ, 3689 адуу, 1863 үхэр, 27943 хонь, 22943 ямаатай ба улсын сайн малчин 2, улсын алдарт уяач 1, аймгийн сайн малчин 8, сумын сайн малчин 26, мянгат малчин 13 төрөн гарсан. Хаяа баг нь тал хээр, говь хосолсон нутагтай, аймгийн отрын нөөц нутагт багтдаг.
Аймгийн бүх сумдын ажлын үзүүлэлтээрээ 1993 онд Аймгийн тэргүүний багаар шалгарч мотоциклоор, сумын ажлын үзүүлэлтээрээ 2007, 2010, 2011 онуудад Сумын Тэргүүний багаар тус тус шалгарч байсан.
Тус багаас төрсөн гарсан алдартнуудаасаа дурдвал УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь, Монгол улсын аварга малчин, алдарт уяач Ө.Гомбоцэрэн, Монгол Улсын алдарт уяач Балданжамц, Улсын анчин Н.Очир, МУГЖ Б.Ёндонжамц, Цэвэлмаа, Гавъяат цаг уурч А.Нацагдорж, Аймаг, сумын Засаг дарга асан АИХ-ын депутат, Алтангадас одонт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Л.Ишдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч А.Шартолгой, Доктор профессор Довчин, ахмад зохиолч сэтгүүлч Т.Мижиддорж, Ш.Доржбал гэх мэт хүмүүсээрээ бахархаж явдаг.
