Тус сумын удирдлагын бүтэц нь 1925 оноос сумын Засаг дарга, Нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой, 1931 оноос сумын дарга, нарийн бичгийн дарга, цэргийн хэрэг эрхэлсэн бичээч сул тэргүүлэгч гэсэн 3 орон тоотой, 1954 оноос орлогч даргын орон тоо нэмэгдэж 1959 оныг хүртэл 4 орон тоотой ажилласан байна. 1959 онд сум нэгдлийн удирдлагыг нэгтгэх туршилт хийхэд сумын орлогч даргын орон тоог тоо бүртгэгч болгон өөрчилсөн бол Сайд нарын зөвлөлийн 1961 оны тогтоолоор сумын орлогч даргын орон тоо дахин бий болжээ. 1961-1980 он хүртэл сумын дарга, орлогч, нарийн бичгийн дарга, 1977 оноос санхүүгийн тасаг, бичгийн хэргийн ажилтны орон тоотой нэмэгдэж, 1992 он хүртэл ажиллаж байжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл 1932 онд арван, хорин гэсэн засаг захиргааны хуучин нэгжийг татан буулгаж, засаг захиргааны анхан шатны нэгж багийг байгуулж, 1959 он хүртэл ажиллажээ. Энэ үеийн багийн дарга нар нам, засгийн бодлогыг ард түмэнд хүргэх, "Ноос бол алт" гэсэн намын уриаг хэрэгжүүлэх, ард иргэдийг бичиг үсэгт сургах, улаан армид туслах хөдөлгөөнийг өрнүүлэх, улсын төлөвлөгөөт мал өсгөх, мал, мах, ноос түүхий эд бэлтгэх, хороо барих, худаг гаргах, морин өртөөний алба, жин тээвэр, мал аж ахуйн албан татвар биелүүлэх, төрийн сонгууль зохион байгуулах зэрэг том зорилтуудыг орон нутагтаа хэрэгжүүлж ирсэн юм. 1959 онд багийг татан буулгаж, нэгдлийн үйлдвэрлэлийн анхан шатны нэгж мал аж ахуйн бригад байгуулагдаж, бригадын дарга нар төрийн анхан шатны нэгж багийн даргын үүргийг 1992 он хүртэл гүйцэтгэсэн байна. 1992 онд Шинэ Үндсэн хууль хэрэгжиж, засаг захиргааны анхан шатны нэгж баг дахин байгуулагдсан.
1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаар сумын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны бүтцэд үндсээрээ өөрчлөлт орж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор сумын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааг сумын Засаг даргын Тамгын газар, Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн даргын албан тушаалыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга болгон өөрчилж, Тамгын газарт тус тусдаа чиг үүрэг бүхий албан нэгжүүд байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Сумын Засаг даргын Тамгын газар нь улс төрийн 6, төрийн захиргааны 13, төрийн үйлчилгээний 7, нийт 28 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэн ажиллаж байна. Манай хамт олны дунд Алтан гадаст одонт 2, Санхүү банкны Тэргүүний ажилтан 2, Худалдааны Тэргүүний ажилтан 2, Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан 1 зэрэг салбар салбарын Тэргүүний ажилтан ажилладгаас гадна Төрийн удирдлагаар мэргэшсэн 3, Нийгмийн удирдлагаар мэргэшсэн 1 албан хаагч ажиллаж байна. Байгууллагын даргаар Ц.Зоригт, Ш.Батсайхан, Н.Данзандорж, С.Хүрэлбаатар, Ц.Эрхэмболд, Х.Сумъяа, Ш.Мөнх-Оргил. А.Мөнхцацрал нар ажиллаж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс одоог хүртэл М.Хишигбаяр ажиллаж байна. Манай хамт олон 2017 онд аймагтаа үйл ажиллагаагаараа тэргүүлж, "Аймгийн Тэргүүний хамт олон"-оор шалгарч байсан.
Сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, тусламжаар сумын нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, Багуудын төвийн барилгыг шинээр байгуулж, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн барилгад их засвар хийж, шаардагдах тоног төхөөрөмжийг шинэчлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг иргэддээ хандсан томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Тус байгууллага нь Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Унаган нутгийн хөгжлийн төлөө бид хамтдаа-2" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
