Монгол туургатны олон зууны туршид идээшин дасаж, түүх, соёлоо бүтээж, он цагийг элээж ирсэн говь, тал хээр хосолсон уугуул нутгийн нэгээхэн хэсэг нь Улаанбадрах сум билээ.
Улаанбадрах сумын нутаг дэвсгэр нь Монголын нэгдсэн гүрний үед төвийн нутагт, тухайлбал Чингис хааны хөвгүүддээ хуваарилан эзэмшүүлснээр отгон хүү Тулуйн харъяат нутагт багтан орж байжээ. Улмаар Батмөнх даян хааны хөвгүүн Гэрсэнз хун тайжийн долоон хөвгүүний эзэмшил болж тогтсон Халхын анхны долоон том хошууны нэг болох Авага мэргэн ноёны хошуунд багтаж байв. Монгол Улс Манж, Хятадын эрхшээлд орж, аймаг, хошуудыг өөрчлөн байгуулсан цагаас буюу 1692 оноос Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуунд, Ардын засаг тогтож, айман, хошуудын нэрийг өөрчлөн феодлуудын эзэмшил байхыг нь зогсоосон 1924 оноос Богд хан уулын аймгийн Хутаг уулын хошуунд, орон нутгийн засаг захиргааны хуваарийг шинэчилсэн 1931 оноос өнөөгийн Дорноговь аймагт тус тус харъялагдаж ирсэн.
Эдүгээгийн Улаанбадрах сум нь Говь Мэргэн вангийн хошууны голомт нутаг болж байсан бөгөөд хошуу ноёны өргөө таван удаа нүүсний гурав нь тус сумын нутагт байдаг ба хошууны төвийн эцсийн туурь эдүгээ сумын төвөөс арав хүрэхгүй километрт оршино. Ардын эрхт засаг хамжлагачлах ёсыг хүчингүй болгож, орон нутгийн засаг захиргааг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийн дагуу Мэргэн вангийн хошууны Ардын Төлөөлөгчдийн Хурлаар 4 сум, 12 баг, 59 аравт, 6107 хүн амтай Хутаг уулын хошууг зохион байгуулжээ. Тэр үед Улаанбадрах сумын айл өрхүүд нь Өлзийт баг нэртэйгээр Хутаг уулын хошууны Цээл суманд харъяалагдаж байжээ. Улмаар нэг жилийн дараа шинээр сум байгуулах санаачилга гарган Хөдөлмөрчдийн хурлыг 1925 онд хийж, Улаанбадрах сум нь Цээл сумаас тасран Өлзийбадрах нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан түүхтэй.
1930 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газраас орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчилж, хошуудыг тараах шийдвэрийг гаргав. Энэхүү чиглэлийг үндэс болгон шинэчлэн байгуулах Дорноговь аймгийн Байгуулалтын түр хорооны шийдвэрээр 1931 онд хошуудыг татан буулгах, сумдыг нэгтгэх, шилжүүлэх, нэрийг өөрчлөх зэргээр шинэчлэн зохион байгуулалт хийхэд Өлзийбадрах сум нь Улаанбадрах гэж нэрээ өөрчлөн 1931 оны 5 дугаар сард Гурван зараад гэдэг газар төвлөрөн 30-аад жил суурьшсан билээ. Тус суманд 1941 онд Өргөнцэцэрлэг сумаас 50 өрх, Эрдэнэ сумаас 30 өрх, 1950 оны дунд үед Өргөнцэцэрлэг сумаас 60 өрх, Сайхандулаан сумаас 32 өрх шилжин ирснээр 1958 онд 6 баг, 432 өрх, 1400 хүн ам, 46.5 мянган толгой малтай, эдийн засгийн хувьд аймагтаа дунд зэргийн сум болсон байв.
Хөдөлмөрчид, хувийн аж ахуйтныг хоршоолох нам, засгийн бодлогыг дэмжиж, 1957 оны 3, 8 дугаар саруудад "Оргил", "Ялалт" нэгдлүүд байгуулагдсан. Нэгдэл бүр сум болж зохион байгуулагдах болсноор 1959 онд Улаанбадрах сумын харъяалалд "Ялалт" нэгдэл үлдэж, "Оргил" нэгдлийг түшиглэн Аргалант сум байгуулагдсан. Улаанбадрах сум Бяруугийн Хар цав, дараа нь Хоньчид төвлөрч, Аргалант сум Аргалантад түр төвлөрч байгаад хөдөлмөрчдийн хүсэлтээр 1960 оны 4 дүгээр сард хоёр сум, хоёр нэгдэл нийлэн "Оргил" нэгдэл болж, Улаанбадрах сум нэрээр Рашаантын Нүдэнд төвлөрсөн түүхтэй.
Улаанбадрах сум нь түүхэндээ үе үеийн малчид, хөдөлмөрчдийнхөө шаргуу хөдөлмөрийн үр дүнд "Ноос бол алт" намын уриаг амжилттай хэрэгжүүлж, 1941 онд Засгийн газрын "Хөдөлмөрийн хүндэт үнэмлэх"-ээр шагнагдаж, ажлын амжилтаараа улсад 1 удаа, аймагт 5 удаа эхний байруудыг эзэлж, 2011 онд "Шилдэг менежменттэй сум"-аар шалгарч байсан.
Өнөөгийн Улаанбадрах сум нь 515 өрхийн 1509 хүн амтай, 170542 толгой малтай, Сангийн далай, Баянбогд, Аргалант, Нүдэн гэсэн 4 засаг захиргааны нэгжтэй.
Улаанбадрах сум нь эдүгээ 1137092 га нутаг дэвсгэртэй, нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагтаа 2 дугаарт ордог. Баруун, баруун хойд хэсгээрээ Хөвсгөл, Сайхандулаан, Мандах, зүүн хойд, зүүн урд хэсгээрээ Сайншанд, Өргөн, Эрдэнэ, сумдтай залгаа нутаглаж, урд талаараа БНХАУ-тай 60 орчим км газраар хиллэдэг.
Тус сумаас Монгол Улсын начин Г.Бор, Ж.Одсүрэн, Улсын Алдарт уяач Ч.Аранз, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн, Гавьяат хуульч Ш.Жамбал, Гавьяат багш Л.Цэвээндорж, Гавьяат жүжигчин М.Дорж, Д.Банди, Л.Нарантуяа, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, удирдаач Ц.Баатаржав, Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, болор цомын эзэн А.Эрдэнэ-Очир, Монгол Улсын аварга малчин өрх Д.Оргодол, Л.Батбаяр, Д.Баатарсүх, Н.Ариунболд, Алтан төлийн эзнээр С.Нэргүй Н.Ариунболд нарын гэр бүлүүд зэрэг олон алдартнууд төрөн гарсан.
