АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТОВЧОО
Айраг сум нь 1924 онд одоогийн Нүдэн багийн Хоньч хадны дэргэд анх Аараг уулын сум нэртэй анх үүсэн байгуулагдсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Манай хурлын байгууллага анх үүссэн цагаасаа манай орны иргэдийн өөрсдөө сонгож байгуулсан, тэдний үндсэн эрх ашгийг төвлөрүүлж тулгууралсан төлөөлөгчдийн байгууллага байсан юм.
Хурлын байгууллагын үйл ажиллагааны агууллага хэлбэрийн өөрчлөлтийн үе шатны байдлыг авч үзвэл
- 1931-1942 он Сумын Захиргаа
- 1942-1952 он Хөдөлмөрчдийн бага хурал
-1952-1960 он Сумын Хөдөлмөрчдийн депутатуудын хурал
- 1960-1989 онсумын Ардын Депутатуудын Хурал
- 1989-1992 он Ардын хурал
- 1992 оноос хойш одоог хүртэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна
Ийнхүү иргэд энэхүү төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барилцаж, нийгэм, төрийг удирдах хэрэгт оролцож иржээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 1992 оны 23 дугаар тогтоолын дагуу орон нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хурлыг шинэчлэн байгуулах, сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан, багийн ИНХ-уудыг хуралдуулж хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажлууд 1992 оны 9 дүгээр сард явагдаж сумын ИТХ-д баг бүрээс 5 төлөөлөгч буюу нийт 20 төлөөлөгч сонгогдон сумын анхны ИТХ-ыг бүрдүүлэн ажилд нь оруулсан билээ.
Энэ сонгуулийн онцлог нь сумын ИТХ-ыг шууд бус төлөөллийн сонгуулийн зарчмаар байгуулсан бөгөөд эхлээд багийн Иргэдийн Нийтийн хурлаас сумын хурлын төлөөлөгчийг, сумын ИТХурлаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг тус тус нууцаар санал хурааж журмаар сонгож бүрдүүлсэн билээ
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар сумын хурлын тэргүүлэгчдэд 5 хүний нэр дэвшүүлэн Ш.Жаргалсайхан, Л.Буяндэлгэр, Н.Шагдар, С.Цолмон, Ц.Түвшиндэлгэр нарыг сонгон ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар С.Цолмон, орон тооны нарийн бичгийн даргаар Б.Рандалдаваа нарыг сонгон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Д.Болд, Б.Рандалдаваа, Т.Оюунбанзрагч нарыг олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгосон байна.
Мөн энэ хурлаар сумын засаг даргад Дамбачоймболын Болдын нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж батлуулсан юм.
Энэ үед сумын хурлын дарга нь сонгуульт үүргээ хэрэгжүүлэх товолсон хугацаа заадаггүй байсан тул 1994-1996 онуудад Хөвсгөл сумын харъяат уулын үйлдвэрийн инжнер, боловсон хүчний эрхлэгч Л.Батмөнх сонгогдон ажиллаж байжээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдсэнээр 1996 оноос сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны, нарийн бичгийн дарга нь орон тооны бус байх тогтолцоонд шилжсэнээр анхны орон тооны даргаар Б.Рандалдаваа сонгогдож томилогдон ажиллаж эхэлсэн байна
Ийнхүү нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэхэн түүх эхэлсэнээс эхлэн өөрийн гэсэн байр суурь, бие даасан хандлагатай орон нутгийн иргэд олон түмэнд танигдаж мэдрэгдсэн нөлөөтэй, төсөв хөрөнгөтэй нутгийн удирдлагын нэг субект болон хөгжиж ирлээ.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд шилжсэнээс хойших сумын хурлын удирдлагаар
1992-1994 онд С.Цолмон, 1994-1996 онд Л.Батмөнх, 1996-2000 онд Б.Рандалдаваа, 2000-2002 онд Ж.Тогтохбазар, 2002-2004 онд О.Хаданчулуу, 2008-2012 онд Д.Баяраа нар ажиллаж байсан бол 2012 оноос Б.Туулайхүү нар ажиллаж байна.
